Нийслэл иргэдийг хүлээн авах төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Нийслэл иргэдийг хүлээн авах төвтэй боллоо

Төрийн албаны мөн чанар бол иргэндээ үйлчлэх. Тиймээс, Нийслэлийн удирдлагуудын зүгээс баримталж байгаа чиглэл бол иргэний оролцоотойгоор аливаа шийдвэрийг гаргаж, иргэндээ үйлчилдэг төрийн албыг бүрдүүлэх юм.  Харин энэхүү тогтолцоог бүрдүүлэхийн тулд нийслэлээс шат дараатай хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байгаа билээ. Тухайлбал:

2012 оны 8 дугаар сард Нийслэлийн “Иргэний танхим”-ыг байгуулж шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, тодорхой асуудлыг хэлэлцэхэд иргэдийг өөрийн биеэр оролцуулж, санал бодлыг нь бодлого, үйл ажиллагаандаа тусгадаг болсон.

Мөн 2012 оны 10 дугаар сард Нийслэлийн “Лавлагаа, мэдээллийн төв” (CALL CENTER)-ыг байгуулж иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг 1200 тусгай дугаарын утсаар авч, төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийг 1234 тусгай дугаарын утсаар өгч, www.ub1200.mn, www.ub1234.mn цахим хуудсуудыг нэвтрүүлж, иргэдийн эрэлт хүсэлтийг сонсдог, хүлээн авдаг болсон.

 Тэгвэл өнөөдөр, төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, төр иргэндээ үйлчлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүртэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Иргэдийг хүлээн авах төв” шинээр байгуулагдаж байна.

Энэхүү төв нь нээгдсэнээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, харъяа хэлтэс, газруудад ирүүлсэн санал, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдэгдэл болон бусад баримт, материалыг иргэдийг хүлээн авах төвийн ажилтан хүлээн авч таны өмнөөс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх ажлыг гүйцэтгэх юм.

Нийслэлийн Засаг даргад хандаж иргэдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын тоо өдөрт дунджаар 5-6 байсан бол Нийслэлийн “Лавлагаа, мэдээллийн төв”-ыг байгуулж, иргэдийн эрэлт хүсэлтийг олон сувгаар, чирэгдэлгүй хүлээн авах нөхцлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 90-91 болж өмнөх үеэсээ 16.4 дахин нэмэгдсэн судалгааг “Улаанбаатар сонсож байна” лавлгаа мэдээллийн төвөөс ирүүлсэн статистик мэдээллээс тодорхой харж болно. Иймд иргэдээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдөл гомдол саналыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор, иргэний өмнөөс асуудлыг нь албан тушаалтнуудлад танилцуулан шийдвэрлүүлж, эргээд иргэнд хариу мэдэгдэх үүрэг бүхий албан хаагчид энэхүү төвд ажиллах юм. Нийслэлийн иргэдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг газар олголт, барилга эхлүүлэх зөвшөөрөл, иргэний бүртгэл зэрэг  нийслэлийн захиргааны чиг үүрэгт харъяалагддаг зургаан төрлийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг энэхүү төв бүрдүүлж байгаа юм. Иргэдийг хүлээн авах төв нь, Нийслэлийн төр захиргааны  “Хангарьд”  ордоны  1 дүгээр  давхарт байрлаж байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж