-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгөөс дутуу олгогдсон 340 мянган төгрөгийг бид нэлээд судалгаа гаргаж санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх тал дээр Сангийн яамтай хамтарч шуурхай ажиллаа. Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадсанаар өчигдрөөс бүх арилжааны банкуудад энэ мөнгийг байршуулах ажлыг эхлүүлсэн. Үндсэндээ Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван банкны салбаруудаар нийт 115 тэрбум төгрөг шилжиж очсон. Нийтдээ 178 мянган ахмад настанд олгогдох мөнгө юм. Энэ мөнгийг маргаашнаас олгоно. Оны өмнө багтааж олгохын тулд бид чармайлт гарган ажилласан. Энэ мөнгөний эх үүсвэрийг Засгийн газрын 1.5 тэрбумын бондийн хөрөнгөөр олгоогүй гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын Хүний хөгжил сангийн 940 тэрбум төгрөгийн бонд гаргасан байгаа. Энэ бондыг үндсэндээ Монголбанк худалдаж авсан. Харин 108.1 тэрбум төгрөгийг бондыг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс бид худалдаж авсан. Нийгмийн даатгалын тухай хуулиараа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Хадгаламжийн банкинд байршуулж түүний хүүгийн орлогоор чөлөөт үлдэгдэлийг аривжуулах мөн Засгийн газрын болон эрх бүхий байгууллагын бондыг худалдаж авч түүнээс олсон орлогыг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд зарцуулах хуультай. Энэ хуулийн дагуу арилжаа хийгдсэн. Мөн энэ мөнгөнөөс ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг гаргасан. Ямар нэгэн өөр эх үүсвэрээс авсан санхүүжүүлсэн зүйл байхгүй.
-Нэмэлт хүсэлтээ гаргасан иргэд гэдгийг тодруулахгүй юу?
-Нэмэлт гэх утгаараа биш. Энэ оны долдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарсан ахмадууд энд багтаж байгаа юм. Яагаад гэвэл тухайн ондоо багтаж байгаа учраас нэмэлт иргэдэд оруулж байгаа.
-Бондын хүү хэд вэ, 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн хувьд банкнаас болсон уу. Эсвэл өөр шалтгаан байсан уу?
-Засгийн газрын бондыг манайх жилийн найман хувийн хүүтэйгээр авч байгаа. 21 мянган төгрөгөө аваагүй буюу дутуу авсан иргэдийн мөнгө ирэх оноос эхлэн олгогдож эхэлнэ. Ер нь иргэд энэ мөнгийг долдугаар сарын 1-н гэхэд авах ёстой байсан. Мөнгөө авч чадаагүй иргэдийн 80-90 хувь нь өөрсдөөсөө шалтгаалан аваагүй гэсэн судалгаа гарсан. Дахиад хэлэхэд эдгээр мөнгүүдийг олгох нь энэ Засгийн газрын үүрэг биш. Гэхдээ бид төрийн ажил зогсолтгүй явах ёстой. Иргэдийг хохироож болохгүй гэсэн зарчмыг л барьж ажиллаж байна. Банк хийгээд халамж талд асуудал үүссэнээс 21 мянган төгрөг цаг хугацаандаа олгогдоогүй гэж ойлгож болохгүй.
-Хувьцаагаа мөнгөжүүлж нэг сая төгрөгийн мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан иргэд олон бий. Тэдэнд мөнгийг нь хэзээнээс олгох юм бэ?
-Энэ мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар олгохгүй, түрүүчийн Засгийн газрын бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Ялангуяа би гишүүн байхдаа түрүүчийн Засгийн газрын сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахыг боловсон дээрэм гэж нэрлэж байсан. Тиймээс боловсон дээрмийн ажиллагааг бид зогсооно. Та бүхэн мэднэ. Хөрөнгийн бирж дээр хувьцааг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлдог болохоос биш манайх шиг Засгийн газар нь хувьцааны үнийг тогтоодог улс байхгүй. Хувьцаа бол арилжааны хэрэгсэл шүү дээ. 1990 онд цэнхэр ягаан тасалбарыг тухайн үеийн нөхдүүдийн зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаагаар шил архи, гарын савангаар дээрэмдээд авсан. Түүний уршгаар цөөн тооны нөхдүүд хагартлаа баяжаад дийлэнх нь хувьцааны үр дүнг үзэж чадаагүй. Ухаа худаг Энержи ресурсын нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 4000 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүнд ногдох 1072 ширхэг хувьцаа чинь хэрвээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаад хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлын хувьцаа 16 сая төгрөг болно. Гэтэл үүнийг дөрөвхөн сая төгрөгөөр авах гэж байсан. Энэ бол дээрмийн үйл ажиллагаа. Энэ бол иргэдээр дамжуулж Тавантолгойг булааж авах гэсэн бодлого. Тийм учраас ийм бусармаг ажиллагаа явуулахгүй. Харин энэ Засгийн газраас хийх гэж байгаа ажил бол Тавантолгойн IPO-г яаралтай хийж хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Хувьцаа арилжаанд ороод ирэхээд хувьцааны үнэ зах зээлийн жамаар тогтоно. Тэр үед нь зах зээлийн жамаар хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд өөрсдөө хувьцаагаа борлуулах ажиллагаанд орох нь илүү өгөөжтэй.