Ам барьж дуулбал хуурамч мөнгө өгнө шүү

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Ам барьж дуулбал хуурамч мөнгө өгнө шүү

За тэгээд шинэ жил дөхөж, хамтлаг дуучид, урлагийнхан ажил ихтэй болж байгаа болохоор нэг зүйл анхааруулах гэсэн юм. Мэдээж, зах зээлийн нийгэм хойно ур чадвартай, мундгууд нь энд тэндхийн шинэ жил дээр очиж, хэдэн бор цаас хийж бололгүй л яахав. Гэхдээ зөвхөн амьдаараа дуулах ёстой шүү. Тэгэхгүй бол энд тэнд очиж, фонограмм тавьчихаад, мөнгө аваад байж болохгүй биз дээ. Тиймээс анхааруулж хэлэхэд, хамтлаг дуучид хэрвээ худлаа дуулбал, хуурамч мөнгө өгнө шүү гэж байгаа юм. За ер нь тэгээд цаасан дээр 10 мянгын тоо бичээд өгчихсөн ч яадаг юм. Сураг дуулахнээ, ойрын хэдэн өдөрт шинэ жилийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр хамтлаг дуучдын ханш өсч байгаа гэнэ. Тэгвэл нөгөө албан байгууллагууд бас зүгээр байхгүй ээ, хэрвээ худлаа дуулж байгааг нь мэдвэл шууд хулхины мөнгө өгөх юм шүү гээд бэлдэж байгаа сурагтай. Ер нь тэгээд худлаа дуулбал хуурамч мөнгө өгөхийг О.Магнай дарга ч бас сайтар дэмжих биз. Угаасаа шударга өрсөлдөөн биш биз дээ, хэн ч хэлнэ. О.Магнай дарга бол харин ч дээрээс нь нэмээд торгож магадгүй. Угаасаа л гадаад улсуудад хэрвээ фонограмм ашиглаж байгаа нь мэдэгдвэл залилан гэж үздэг гэсэн. Тэгэхээр манай хамтлаг дуучид маань анхааралтай байж, ард түмнийг хулхидах талаар бодоод ч хэрэггүй шүү. Нэг үеэ бодвол энд тэнд техник, хэрэгсэл сайтай болчихсон, фонограмм ашиглахгүйгээр яваад байж болох л байх. Жинхэнэ дуучин гэдгээ ч амьдаар дуулж байж л харуулах болов уу. Тэгэхээр хамтлаг дуучид минь худлаа дуулаад хуурамч мөнгө авах уу, эсвэл амьдаараа, “жинхнээсээ” дуулаад, хангалттай хэмжээгээр цалинжих уу гэдгээ өөрсдөө шийднэ биз. За ер нь тэгээд нэгмөсөн бүгдээрээ фонограммаар дуулдаг болбол болно л биз. Зөрүүлээд цаасан мөнгө л өгчих юм чинь. Шударга өрсөлдөөний газрынханд ч элдэв ажил болоод байхгүй, амар. Хуурамч мөнгө өглөө, хулхидлаа гэж хамтлаг дуучид нь ярихгүй. Албан байгууллагууд, иргэд нь хамтлаг дуучид ирээд ам барьж дууллаа гэж бас гомдоллохгүй. Ер нь шинэ жилийн үеэр тусгайлсан цаасан мөнгө гаргадаг болсон ч яадаг юм. Амар шүү дээ.

Л.ЭНХДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж