Тайширын усыг татагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Тайширын усыг татагч хэн бэ?

“Еврохан”. Тун удахгүй энэ нэр олны анхаарлыг ихээхэн татаж магадгүй. Одоохондоо энэ нэрийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх гэсэн үүднээс тун удахгүй гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. Үнэн хэрэгтээ Монголд аль хэдийнэ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Явуулах явуулахдаа маш өндөр төвшний “дэмжлэг”-тэйгээр, өндөр “төвшний”  ажлуудыг шүүрч авч хийдэг юм байх. Тухайлбал, “Еврохан” компани Тайширын цахилгаан станцаас Говь-Алтай аймгийн төв рүү хоолой татан усыг нь хүргэх сонирхолтой ажлыг гүйцэтгэхээр Засгийн газрын дэмжлэгийг авчээ. Хэдийгээр говийн аймгуудын ундны усны асуудлыг олон жилийн турш ярьж байсан ч нэг талаасаа шийдвэрлэх боломжгүй гэгдэж, нөгөө талаасаа боловсруулсан төслүүд нь улстөрийн дэмжлэггүйгээс болоод гацаж орхидог гэсэн яриа байдаг. Тэгвэл “Еврохан” Алтай хот тийш 52,8 км урттай хоолой тавьж, Тайширын усан цахилгаан станцын усан сангийн усыг шүүрүүлэн “зөөж”, алтайчуудыг ундны усаар хангах төслийг гардан хийхээр болжээ.

Алтайчуудыг ундны усаар хангах ёстой “Тайшир-Алтай” гэх энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2011 онд “Усны үндэсний төв” ТББ санаачлан, “Престиж групп” ХХК, “Престиж инжиниринг” ХХК, Германы “Ferrostaal Industrieanlagen GmbH” ХХК, “Пайплайн инжинер тийм” ХХК-иуд ”Евро-Хан”-тай хамтран ажилласан юм байна. Алтайчуудыг усаар хангах энэхүү төсөл нь ямархуу өргөн цар хүрээтэй ажил болохыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Харин ийм төсөл хэрэгжиж эхэлж байгаа талаар монголчууд төдийлөн сайн мэдэхгүй байгаа, албан ёсоор ч мэдээлээгүй шиг санагдаж байна.

Харин гадны мэдээллийн агентлагууд:

“Засгийн газрын хуралдаанаар Алтай хотын иргэдийн ундны усан хангамжийг сайжруулах ""Тайшир-Алтан"" ус хангамжийн төслийг Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах асуудлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж оруулж хэлэлцүүлээд дэмжлэг авлаа. Говь-Алтай аймгийн төв Алтай хот хамгийн ус муутай газар. Тэндхийн ус  хүн амын ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг нотолсон олон судалгаа, дүгнэлт гарсан. Бас усны нөөцийн хэмжээ ус өнөөгийн хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.
Төслийн гол зорилго нь Тайширын УЦС-ын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 км урт 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан хүн амын ундны, ахуйн шаардлага хангасан усыг Алтай хотын оршин суугчдад тасралтгүй, найдвартай хүргэхэд оршино.

2012 оны гуравдугаар сард ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус яам, Германы “Ferrostaal Industrieanlagen GmbH” компани хооронд “Тайшир-Алтай” төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү алтайчуудын цэвэр ус хэрэглэх асуудлыг нутгийн сайд санаачлан оруулж, Засгийн газар дэмжлээ” гэж энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр мэдээлж байжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөхөн гэсэн үг. Усны асуудлаар 2-3 яамд дамнан асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг атал тухайн үедээ шинээр томилогдоод  ганц хоёрхон сар болж байсан  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд дэмжин шийдүүлсэн аж. Компанийнхан ч Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүн-сайд дэмжлээ гэж ихэд саймширсан байх юм.

Ийн Монголд нэлээд томоохон төсөл хэрэгжүүлж байгаа “Евро хан”-ы захирлаар Оливер Шнорр хэмээх нөхөр ажилладаг. Ноён Оливер Шноррын захирлынх нь үүргийг хавсарган гүйцэтгэдэг “EURO-CHINA” бизнесийн салбарт бас цуутай бололтой. Хамгийн сонирхолтой нь “EURO-CHINA” дэлхийн энэ хоёр том хүч /Европ болон Хятад/-ний бизнесийн зуучлагч, төлөөлөгч бөгөөд өргөн хүрээтэй, бизнесийн ашиг сонирхлыг холбох улс төр, эдийн засгийн найдвартай сүлжээг бий болгохыг эрмэлздэг гэж албан ёсны сайтдаа өөрсдийгөө танилцуулсан байх юм. Өөрөөр хэлбэл улс төрийн удирдлага, төрийн байгуулал нь бизнесийн салбарт нөлөөлдөг Хятад улсад Европын бизнесмэнүүд “ороход” зуучлах үүрэг гүйцэтгэдэг бололтой.  Үүнийгээ ч “EURO-CHINA” сүүлийн 20 гаруй жилийн турш Европын бизнес эрхлэгчдэд нээлттэй боломжийг Хятадад бий болгохоор чармайн ажиллаж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэснээр хөрөнгө оруулалт, хөгжлийн олон төслийг хэрэгжүүлсэн гэж танилцуулгадаа дурдсан байна. Улс төрийн нөлөөлөл хүчтэй, томоохон албан тушаалтнууд нь эхнээсээ авлигын хэрэгт ороогдож байгаа Хятадад улс төр эдийн засгийн найдвартай сүлжээний зуучлал хийдэг юм биз дээ.  

Дашрамд дурдахад “Еврохан” мөн “АНТОНОВ-148” нисэх онгоцны онцгой эрхт худалдааны төлөөлөгч бөгөөд Монголын Засгийн газарт онгоцоо санал болгох хүсэлтэй. Монголын иргэний агаарын зах зээлд нийцэхээр, хайрган болон өвсөн зурвастай талбай дээр ч бууж, хөөрөх боломжтой гэж рекламдаж байгаа аж. Тэгэхээр тодорхой төвшинд иргэний нислэгт онгоц хэрэгтэй байгаа гэж зарим улстөрчид яриад байгаа нь бас л цаанаа нарийн учиртай л болж таарч байх шиг бололтой дог оо.  

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж