
Өмнөд Суданд НҮБ-ны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Монгол Улсын иргэн энэ сарын 23-нд зуурдаар нас барсан хэргийн талаар “Монголын мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Тэрээр энэ сарын 23-ны өдөр салааныхаа бусад цэргүүдийн хамт Румбек хотын төвд байрлах усан санд орж байгаад живж, амьсгалын замын бүтэлт, зүрх судасны болон амьсгалын хурц дутагдлын улмаас нас барсан байна. Талийгаач нь Өмнөд Судан улс дахь НҮБ-ны энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд багтан 2012 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ны цэргийн баазад миномётын тоотын наводчикийн үүргийг гүйцэтгэж байжээ. ЗХЖШтаб талийгаачийн шарилыг эх оронд нь авч ирэх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн төв штабтай хамтраж ажиллаж байна.
Т.ДАРХАН