“Барса” Украйны аваргуудыг сөхрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Барса” Украйны аваргуудыг сөхрүүлэв

“МанЮ”, “Челси”-гийн тулаантай зэрэгцэн өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын бас нэгэн тоглолт болсон нь “Барселона” болон “Шахтёр Донецк”-ийн тоглолт. Кэмп Ноу цэнгэлдэхэд болсон тоглолтод Испанийн аварга “Барселона” 5:1 харьцаатай Украйны аваргуудыг буулган авчээ. “Шахтёр” өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд талбайдаа нэг ч ялагдал хүлээгээгүй, гэхдээ тэд энэ амжилтын буухиагаа үргэлжүүлж ирэх долоо хоногт “гэртээ” хожсон ч Европын тавцанд нэрээ тамгалсан “Барса”-гийн эсрэг дөрвөн гоолын зөрүү гэдэг хүнд даваа байх нь гарцаагүй.

Үндсэн байрлал болох хагас хамгаалагчаас илүүтэй довтолгооны шугамд идэвхтэй оролцсон Андрес Иньеста тоглолтын хоёр дахь минутад гоолын салхийг хагалсан. Улмаар 34 дэх минутад тэрбээр Дани Алвест гоолыг нь “бэлтгэж” өгчээ. Талбайн голоос хамгаалагчдыг давуулан дамжуулалт өгөхөд Алвес хаалгачийн эсрэг ганцаараа гарч, Андрей Пятовын хаалганд төвөггүй гоолдсон байна. Хоёрдугаар хагас эхлээд 53 дахь минутад Алвес өөрөө “бэлтгэгч” болж, булангаас цохисон Алвесийн цохилтыг төвийн хамгаалагч Жерар Пикед гоол болгожээ. Пике ийнхүү “Барса”-гийн бүрэлдэхүүнд хоёр дахь гоолоо оруулсан байна. Тоглолтын 60 дахь минутад “Шахтёр” гоолын зөрүүг ойртуулж, Дарио Срнагийн чөлөөт цохилтоос хамгаалагч Ярослав Ракицький гоолдсон юм. Гэтэл Пеп Гуардиолагийн баг ердөө ганцхан минутын дотор хариуг нь барьсан. Сейду Кейта солгой хөлөөрөө цохиж, хаалганы дээд буланд бөмбөгийг оруулснаар тооны харьцааг 4:1 болгожээ. Харин тоглолтын сүүлийн гоол 86 дахь минутад орсон байна. Энэ удаад гоолын ззэн нь  гэмтлээс эргэн ирсэн Шави байлаа.

Ийнхүү “Барса” талбайдаа итгэл төгс ялалт байгуулснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн гэж болох юм. Тэд их шөвөгт мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-тай таарах магадлал өндөр. Учир нь Испанийн эзэн хааны баг 4:0-ээр “Тоттенхэм”-ийг талбайдаа буулган авсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж