Хүүг барьцаалсан этгээд ТВ-ийн захирал байжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Хүүг барьцаалсан этгээд ТВ-ийн захирал байжээ

Монголын нийгэм улам л хатуу болж урьд өмнө бүртгэгдэж байгаагүй аймшигт гэмт хэргүүд бүртгэгдсээр л байна. Энэ долоо хоногт л гэхэд л бага насны хүүхэд барьцаалж, эцэг эхээс нь их хэмжээний мөнгө нэхсэн нь улирч буй долоо хоногийн дуулиан шуугиантай, содон үйл явдал болж байна. Монголчууд гадаадын адал явдалтай кинонд л үзэж байсан ийм ноцтой хэргийн хохирогч бас гэрч болно чинээ үнэндээ санаагүй байх. Тиймдээ ч олон хүн цочирдсон. Манайх шиг амар амгалан улсад ийм хэрэг гарна чинээ санаагүй цагдаагийн байгууллын ч буруу ч биш.

Утасны дугаараа нууцлан, дуу хоолойгоо өөрчлөн, наймхан настай хүүгийн эцэг рүү залгаж, “100 сая төгрөг өгөхгүй бол, хүүхдэд чинь муу зүйл тохиолдоно. Цагдаад хэлбэл хүүхдээ харахгүй гэж мэдээрэй, хотод байдаг охинд чинь ч муу юм болно шүү” хэмээн сүрдүүлсэн нь эгээл адал явдалт киноны баатар мэт. Нэлээд эртнээс энэ хэргийн талаар сэдэж, зохион байгуулсан нь хүүг барьцаалсанаас эхлээд мэдэж болно. Учир нь гэмт этгээд хүүг сургуулийн хаа хашаагаар оронгуут малгайгаар нь нүдийг нь таглан, ороолтоор нь амыг нь боож, машинд суулган нэгэн байранд аваачсан бөгөөд 30 цагийн дараа хүүг юу ч болоогүй юм шиг гэрийнх нь үүдэнд орхисоноос харж болно.

Аргаа барахдаа хүүгийн эцэг эх, ах дүү хамаа тан садан, найз нөхөд нь энд тэндээс зээлдэж байж шаардсан мөнгийг нь цуглуулах гэж хичээж байсан гэдэг. Харин ийнхүү олныг хирдхийлгэсэн энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, өчигдөр баривчиллаа.

Уг хэргийг 29 настай Г.Энх-Од гэх залуу үйлджээ. Г.Энх-Од хүүгийн аав Б-тэй садан төрлийн хүмүүс гэх мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгууллагын эх сурвалж өглөө. Цагдаагийнхан хэрэг гарсан шалтгааныг шунахайн сэдэлтэй гэж үзэж буй. Учир нь, сэжигтэн Г.Энх-Од энд тэнд их хэмжээний өр зээл тавьсан байжээ. Г.Энх-Од гэж хэн бэ Сэжигтэн Г.Энх-Од Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ТВ-12 телевизэд ажилладаг. Хөтлөгч-сэтгүүлчээр ажиллаж байгаад сүүлдээ захирал нь болжээ. Түүнийг таньдаг хүмүүс “Сэргэлэн нь дэндсэн залуу” гэж хэлж байв.

Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Ээж нь ДарханУулдаа нэр хүнд сайтай эмч аж. Тэрбээр хүүг барьцаалснаа бичлэг хийж эцэг эхэд нь үзүүлэх гэж байсан бололтой. Энэ сарын 18-ны орой нэгэн танилаасаа “Дүрс бичлэгийн камераа хэрэглүүлээч” хэмээн утсаар ярьж, гэрт нь очжээ.

Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн наймд “насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж барьцаалсан бол 5-10 жил хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэхдээ энэ зүйл заалтын тайлбарт зааснаар өөр гэмт хэрэг үйлдээгүй, сайн дураараа барьцаалагдагчийг сулласан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж буйг сэжигтэн этгээд судалсан байж ч болох талтай.

Эх сурвалж: www.chuhal.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж