Гадаадаас авах ажиллах хүчинд хязгаар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Гадаадаас авах ажиллах хүчинд хязгаар тогтоолоо

Гадаадаас 2013 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай болон улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барихад шаардагдах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Засгийн газрын тогтоолын төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг баталж, энэ тогтоолд заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэн нь тухайн байгууллагын нийт ажиллагсдын тав хүртэл хувь байхаар тусгажээ. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах байгууллага нь тэднийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, шаардлагатай шинжилгээ оношилгоо хийлгэх талаар тогтоолд тусгаж, энэ асуудлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа. Өмнө нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй БНАСАУ-аас бусад орны ажиллах хүч, мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаггүй байжээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар уул уурхай, үйлдвэрлэл, эмнэлгийн нэр бүхий байгууллагуудад гадаадаас ажиллаж буй тодорхой тооны ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2013 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.

2012 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар манай улсад 103 орны 22284 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрийн 70 хувь нь БНХАУ, 8 хувь нь БНАСАУ, 3 хувь нь ОХУ болон БНСУ, БНСВУ, АНУ, Австрали улсын иргэд тус бүр 2 хувийг эзэлж байна. Тэдний ажиллаж буй гол салбарууд нь барилга, уул уурхай олборлох үйлдвэрлэл, тээвэр ба агуулах, худалдаа, засвар, боловсруулах үйлдвэр, боловсролын салбар байна.

Засгийн газрын тогтоолоор 2012 онд 50 аж ахуйн нэгж байгууллага, гадаадын 31624 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсоноос 10218 гадаадын иргэн манай улсад ирж ажилласан байна. Эдгээрээс 1404 иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 11 дүгээр сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр 51 тэрбум төгрөг төвлөрчээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж