
Засгийн газрын тогтоолын төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг баталж, энэ тогтоолд заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэн нь тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тусгажээ. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах байгууллага нь тэднийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, шаардлагатай шинжилгээ оношилгоо хийлгэх талаар тогтоолд тусгаж, энэ асуудлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа. Өмнө нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй БНАСАУ-аас бусад орны ажиллах хүч, мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаггүй байжээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар уул уурхай, үйлдвэрлэл, эмнэлгийн нэр бүхий байгууллагуудад гадаадаас ажиллаж буй тодорхой тооны ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрлөө.
2012 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар манай улсад 103 орны 22284 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрийн 70 хувь нь БНХАУ, 8 хувь нь БНАСАУ, 3 хувь нь ОХУ болон БНСУ, БНСВУ, АНУ, Австрали улсын иргэд тус бүр 2 хувийг эзэлж байна. Тэдний ажиллаж буй гол салбарууд нь барилга, уул уурхай олборлох үйлдвэрлэл, тээвэр ба агуулах, худалдаа, засвар, боловсруулах үйлдвэр, боловсролын салбар байна.
Засгийн газрын тогтоолоор 2012 онд 50 аж ахуйн нэгж байгууллага, гадаадын 31624 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсоноос 10218 гадаадын иргэн манай улсад ирж ажилласан байна. Эдгээрээс 1404 иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 11 дүгээр сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийн ажлын байрны төлбөр 51 тэрбум төгрөг төвлөрчээ.
“Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам"-д өөрчлөлт орууллаа
3асгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам"-д Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Үнэлгээний комисс” байгуулах тухай заалт нэмж орууллаа. Дээрх сайдуудын томилсон албан тушаалтнаас гадна хохирогчдын төлөөллөөс орж ажиллах энэ комисс нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлж, ердийн журмаар худалдан борлуулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр өнөөдрийг хүртэл сунжирч удаашраад байгаа төлбөр барагдуулах ажиллагаанд ахиц гарна гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь шүүхээс 26 хадгаламж зээлийн хоршооны 8301 хохирогчтой 72.4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх хуудас хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу хохирогчдын хохирлын 50 хувийг төрөөс олгосон ба энэ ажил 99.2 хувьтай гүйцэтгэгдээд байна. Одоо худалдан борлуулах боломжтой гэж үзсэн 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөнөөс 16 тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулах буюу Төрийн өмчийн мэдэлд шилжүүлсэн байна.
Товчхон:
Төрийн захиргааны байгууллагуудыг түшиглэн ажилладаг Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Зарим яамны нэр, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хохирлыг арилгах чиглэлээр ажилладаг орон тооны бус дээрх албадыг шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарсан байна. Өнөөдрийн шийдвэрээр өмнө ажиллаж байсан 11 албыг хэвээр батлан, нэмж Уул уурхайн алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба байгуулахаар тогтлоо. Улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлагаар хангах үүргийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцан ажиллана.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан"-гийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталлаа. 1998 онд Засгийн газрын 188-р тогтоолоор Байгаль хамгаалах сан анх байгуулагдсан ба улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэ санд байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай хамгаалалтай газар нутагт жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж, ус бохирдуулсны төлбөр төвлөрдөг юм.
Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хуртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад нэмэлт оруулахаар тогтлоо.
Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны 1 дүгээр сарын 5-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
"Төрийн сангийн үйл ажиллагааны журам" батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хянан хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ журмыг батлан мөрдүүлж эхэлснээр төсвийн байгууллагын санхүүгийн сахилга бат, хяналт сайжирна гэж үзэж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу орон сууц авч амжаагүй байгаа ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тоггов. Энэ ажлыг ирэх 2013 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахтай холбогдуулан ахмад дайчдыг бүртгэж “Байлдаанд оролцогчдын үнэмлэх" олгож дуусгахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд даалгалаа.
Гаалийн ерөнхий газрын орлогч даргаар Ц.Уугангэрэл, н.Энхцогт нарыг, Татварын ерөнхий газрын орлогч даргаар Г.Энхболдыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.