
Гэлээ ч дэлхий сүйрсэнгүй, сүйрэх шинж тэмдэг ч үзэгдсэнгүй. Харин лаа, шүдэнз базаасан нөхөд илүүдэл бараагаа хэрхэхээ шийдэж ядаж байх шиг байна. Наран манддагаараа мандсан болохоор бэлтгэж хураасан лаа, шүдэнз, гэр бараа бараг хог шиг харагдаж байгаа биз.
Тэгэхээр нэг сайн санааны хөдөлгөөн үүсгэе. Нөгөө илүүдэл лаа, шүдэнзээ малчдад хандивлая. Нийслэлд үе үе гэрэл тасарч байгаа болохоор цөөхөн хэдэн лаа авч үлдэнэ биз. Бэл бэнчинтэй нэг нь бэлтгэсэн гэрээ хөдөөний хамаатан садандаа бэлэглэдэг ч юм уу.
Өвлийн цаг болохоор базаасан хоол хүнс муудахгүй ээ. Цагаан сараар хэрэглэж болохыг нь хэрэглэх байлгүй. Ийм маягаар дэлхийн сүйрэлд зориулж хураасан зоорио амьтан ах дүүстэй хуваалцах арга бас байна аа.
Угаасаа Маяа нарын тооллоор өнөөдрөөс шинэ эрин эхэлж байгаа гэсэн шүү. Монгол ардын үлгэрт гардаг даа. “Бур бур бороотой, сэр сэр салхитай Бурхан Бумбын оронд амар сайхандаа жарган суув аа” гэж үлгэр төгсдөг тэр эрин эхэлж мунхагийн харанхуй арилж, оюун ухаан хүмүүн төрөлхтөнийг жолоодох юм гэнэ лээ.