Зугтсан сайд шүүхийн хаалга татах болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Зугтсан сайд шүүхийн хаалга татах болжээ

1988 онд Лакербийн орчимд халдлагад өртөж сүйрсэн Пан Америкийн онгоцны хэргийг мөрдөн шалгаж буй Шотландын прокурорын газар өнгөрөгч долоо хоногт Англи улсад зугтан ирсэн Ливийн гадаад харилцааны сайд асан Муса Кусаг ойрын үед шүүхэд дуудан байцаахаар шийдэж буйг Foreign Office-ийн эх сурвалж мэдээлсэн байна.

Шотландын прокурорын газрын төлөөлөгч Английн гадаад харилцааны яамны төлөөлөгчтэй уулзаж, Пан Америкийн рейсийн онгоцонд халдага хийсний улмаас 270 зорчигчийн амь нас үрэгдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан Кусаг байцаах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Онгоц халдлагад өртөж, сүйрсэн тэр үед Куса Ливийн аюулаас хамгаалах байгууллагын чухал нөлөө бүхий гишүүн байсан бөгөөд хожим нь уг халдлагыг үйлдсэн цорын ганц буруутан болж, бүх насаараа хоригдох ял авсан ливийн иргэн Абделбасет Али Меграиг суллуулан гаргахад бас чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буй ажээ.

Мөн 1984 онд  Каддафийг эсэргүүцэн Лондон дахь Ливийн Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж байсан хүмүүсийн хөдөлгөөнийн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Иветте Куперийг буудан амь насыг нь хөнөөсөн хэрэгт Куса холбоотой гэж үзэж буй аж. Тухайн үед Куса Ливийн ЭСЯ-нд өндөр зэрэглэлийн албан тушаал хашиж байсан байна.
Английн гадаад харилцааны сайд William Hague английн засгийн газар Кусад дипломат эрх дарх олгох амлалт гаргаагүй тул хуулийн байгууллага дээрх хоёр хэрэгтэй холбогдуулан Кусаг байцаахад саад учруулахгүй гэж нотолсон байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж