-Та МАН-аас сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн дараа улс төрийн харьяаллаа өөрчилж, Ардчилсан намд элсэх болсон шалтгаан тань юу юм бэ?
-Би Монгол Улсад өөрчлөн байгуулалт хийх хэрэгтэй гэдэг дээр хатуу үзэл баримтлалтай байсан. Өөрчлөн байгуулалт явагдаж байгаа боловч иргэдийн амьдрал чанартай өөрчлөгдөхгүй байна гэдгийг хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт нэр дэвшихдээ ойлгосон. Тиймээс надад хүнд амьдарч буй иргэд хэрэгтэй. Төрийн бодлого чинээлэг иргэд рүү чиглэж байна. Өнөөдөр ядуус ажлын байргүй, амьдарч байгаа орчин нь цэцэрлэг, сургууль байхгүй, худаг ус, цахилгаан гэрэл ч үгүй байна. Ийм дүр төрх нийслэлийн захын хорооллоор дүүрэн. Тодруулж хэлбэл, 190 мянга гаруй иргэн өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Энэ хүмүүст зориулсан бодлого хэрэгжүүлэх саналыг би өмнө нь МАН-ын гишүүн байхдаа олон удаа тавьж ирсэн. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэх хуулийг ядуу иргэддээ чиглүүлье гэж хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж байхад ажлын хэсгийн ахлагч өөрчилж байлаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэхээсээ илүү Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах хэрэгтэйг тухайн үеийн Ерөнхий сайд болон бусад хүмүүст хэлж байсан боловч миний санал дэмжигдээгүй. Тиймээс би ядуу иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бодлого гаргаж ажиллая, намайг дэмжээч гэж Ардчилсан намынханд хүсэлт тавьсан. Өнгөрсөн хугацаанд би загвар хот болгох, ядуурлыг бууруулах талаар том хөтөлбөр боловсруулсан. Түүнийгээ УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. З.Энхболд дарга миний төсөлтэй танилцаад, манай намын бодлоготой нэг зүгт байгаа учир чи хамтарч ажиллаарай гэсэн. Ийм учраас би улс орноосоо урваагүй. Үзэл бодлоосоо урваагүй. Ардчилсан намд элсэхдээ эдгээр хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийг зорьж, энэ шийдлийг гаргасан.
-Танд МАН дөрвөн удаа мандат олгож, сонгуульд нэр дэвшүүлж байсан. Гэвч өнөөдөр хийж буй сонголт таныг яг ямар үзэл бодолтой хүн байсан бэ гэдэгт эргэлзэхэд хүргэж байна?
-Ардчилсан нам МАН хоёр нэг нь зүүний, нөгөө нь барууны нам боловч өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажиллахдаа ямар ч үзэл баримтлалын зөрчил гаргаагүй. Монгол Улсад хэт барууны, хэт зүүний үзэл хэрэггүй гэдгийг амьдрал харуулсан учраас би энэ сонголтыг хийсэн. Тэгээд ч миний хувьд өнөөдөр намын ивээлд багтаж, нам дотор муур хулгана болж тоглохыг хүсээгүй. Би МАН-ын шинэчлэлийн төлөө элсний 13-ын нэг болж, шөнө өдөргүй тэмцэж ажиллаж байсан боловч үр дүн ерөөсөө гараагүй. Тиймээс би өнөөдөр намын шинэчлэлийн төлөө явахаасаа илүүтэй сургууль цэцэрлэггүй байгаа, ядуу амьдарч зовж байгаа иргэдийнхээ төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйгээр төрд орж ирж байна. Энэ бол урвалт биш сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Би нам дотроо зогсонги байхгүйн төлөө өнгөрсөн 12 жил намынхаа бүлэг болгон дээр үг хэлж, сэтгэгч байлаа. Миний санаачилсан, хэлсэн бүхэн хэрэгжээгүйд би маш их гомдсон. Учир нь би Монголын парламентад гурван удаа сонгогдохдоо өөрийн санаачилсан, хэрэгжүүлэхийн төлөө боловсруулсан төслөө ажил болгож чадаагүйд харамсаж явдаг. Харин Ардчилсан нам миний сонголтыг дэмжинэ гэсэн үүднээс би энэ сонголтыг хийсэн.
-Та намаас гарах хүсэлтээ МАН-ын удирдлагуудад танилцуулсан уу?
-Би намын дүрмийн дагуу намын үүртээ өргөдлөө өгсөн. Намын үүрт өргөдлөө өгснөөр энэ асуудал шийдвэрлэгддэг. Дүрмийн дагуу асуудлаа шийдсэн.
-Таныг Ардчилсан намын дэмжлэгийг авч дахин санал хураалтад ялсан гэсэн мэдээлэл гарсан?
-Би УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. “Би хүнд нөхцөлд сонгуульд орох нь. Нэг намын хоёр хүн өрсөлдөж байна. Манай дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс намын анхан шатны гишүүд бүгд намайг дэмжих боломжгүй боллоо. Иймээс та бүхэн намайг эмэгтэй хүний хувьд дэмжиж ажиллаач” гэж учир байдлаа хэлсэн. УИХ-ын дарга “Энэ парламентад цуг сууж байсан эмэгтэй хүний хувьд шударга зөв явдгийн чинь хувьд өөрийнхөө гишүүдээр дамжуулан дэмжинэ” гэдгээ хэлсэн. Ийм хүнд үед, том тойрогт Ардчилсан нам, Ардчилсан намын жирийн гишүүд л дэмжсэн.Мөн МАН-ын гишүүдийн тал нь намайг дэмжсэн. Түүнчлэн МАХН-ын гишүүд, С.Ганбаатар нарын бие даагчид, ИЗНН-ын С.Оюун даргыг дэмжигчид нь надад дэмжлэг үзүүлсэн. Иймээс л би энэ сонголтыг хийх нь зүйтэй гэж ялалтынхаа өдөр өөрийнхөө сэтгэл зүтгэлээр шийдсэн.
-Танд Ардчилсан нам засгийн болон элчин сайдын суудал амласан учир элсч байгаа гэсэн яриа гарах болсон. Энэ яриа үнэн үү?
-Хамтарсан Засгийн газрыг битгий задраасай, Ардчилсан нам МАХН, МҮАН, ИЗНН энэ Засгийн газраа цаашаа авч яваасай гэж хүсч байна. Би МАХН-ыг Засгийн газраас гаргахгүйн төлөө ажиллана. Д.Арвин гэдэг хүн өмнө нь гурван удаа сонгогдохдоо нэг ч удаа албан тушаалын төлөө явж байгаагүй. Тэгэхэд Т.Ганди хоёр удаа сайд болж байсан, Ч.Туяа гишүүн нэг сонгогдоод сайд болж байсан. Д.Арвин чадахгүйдээ сайд болоогүй биш, сайд болохыг хүсээгүйдээ энэ олон жилийг улс төрд өнгөрүүлсэн. Би цаашдаа сайд болохгүй ээ, харин сайдын дайтай ажиллана. Миний хувьд ядуу зүдүү амьдарч байгаа иргэддээ туслах нь сайдаас илүү албан тушаал. Өнөөдөр намайг улстөрчид өөрсөд шигээ санаж байна. Би албан тушаалын төлөө явдаг хүн биш. Ямар ч үед сайд болохгүй гэдгээ амлая. Хийх ажлаа л хийнэ.
-Та УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн учраас нэрийг тань татах асуудал гарч мэдэх юм?
-УИХ-ын гишүүн байхдаа намаа сольсон хүн олон бий шүү дээ. Ц.Шинэбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва гээд олон гишүүн намаа сольж байсан. Нам сольсноор нэр татдаг зохицуулалт байдаггүй.
-МАН-ын удирдлагууд хоёр нэр дэвшигчээ ижилхэн дэмжиж байсан хэмээн мэдэгдсэн?
-Саяын сонгуулиар нэг намын хоёр хүн өрсөлдөж байхад нөгөөг нь дэмжээд намайг огт дэмжээгүй. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга ч эмэгтэй хүнийхээ хувьд нэг ч удаа утасдаж асуугаагүй. Тэр байтугай дүүргийн анхан шатны байгууллагын н.Намсрай гэдэг эмэгтэй “Д.Арвинг УИХ-д гаргаж болохгүй шүү” гэж намын эмэгтэй гишүүдийг дуудаж хэлсэн байсан. Энэ бүхэн хүний тэвчээрийг бардаг юм билээ. Миний байх газар энэ биш юм байна гэж сүүлийн 20 хоногт хатуу мэдсэн. УИХ дахь МАН-ын гишүүдээс нэг нь ч “Арвин минь чи ийм хүнд нөхцөлд яаж ажиллаж амьдарч байна гэж” утасдаагүй. Тэгэхэд Н. Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, Д.Ганхуяг нар “Зоригтой л ажиллаарай л гэж байсан” юм шүү.
-Хэрэв ирэх дөрвөн жил Ардчилсан намын Засгийн газар таны ярьж буй ажлыг хийж чадахгүй бол та улс төрийн харьяаллаа дахин солих уу?
-Би ажиллана шүү дээ. Ажиллавал бүх юм бүтнэ. Надад туршлага байна. Дэмжлэг үзүүлэх баг байна. Тийм учраас энэ дөрвөн жилийн дараа өөрчлөлт гарна гэж бодож байна.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин