Г.Оюунгэрэлээс илүү Наса &#34гуай&#34-д итгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Г.Оюунгэрэлээс илүү Наса &#34гуай&#34-д итгэж байна

Өнөөдөр дэлхийд нар манддагаараа мандана. Ямар ч харанхуй бүрэнхий болохгүй, дэлхий сүй­рэхгүй. Америкийн сансар судлалын академи НАСА-гаас ингэж мэдээл­сэн. Бас шинжлэх ухаан ч харанхуй нөмрөхгүй, дэл­хий сүйрэхгүй гэж баталж байгаа. Ингэхэд нар манд­чихвал Оюунгэрэл эгч энэ тэр яана даа. “Дэлхий сөнөхөд хэрхэн амьд үлдэх вэ” гэдэг ном бичээд, хүмүүст шахаад байсан. Телевизээр бас “Арванхоёрдугаар сарын 21-нд их харанхуй эхэлж, дэлхийд гурван өдөр нар мандахгүй. Лаа, шүдэнз, гар чийдэн, дулаан хувцас хунараа базаагаад, нэг газар очоод гэр бариад хэвтэцгээ” гээд ухуулаад байсан зөнч нар яана аа. Америкаас НАСА “гуай” арванхоёрдугаар сарын 21-нд янз бүрийн юм болохгүй, нарыг биднээс халхалж бүтэн гурав хоног “хорионд” байлгахаар том гариг эрхэс нарны аймагт ч байхгүй гэж хэлээд байхад манай Оюунгэрэл, Арго, Давааням эд нар, бас бус зөгнөгчид “Гурван хоног нар гарахгүй учир монгол гэр барьж, түлээ түлш, лаа шүдэнзээ базаагаарай” гээд л захиад байсан. Гэвч үгэнд нь орж бэлтгэл хийсэн хүн тун цөөхөн байх. Яагаад гэвэл цуу ярианаас илүү нүдээр харсан зүйлдээ итгэдэг ард түмэн шүү дээ, монголчууд. Өчигдөр манай сэтгүүлч Н.Лхагвасүрэн гуай “Дэлхий сүйрэхийн өмнөх өдрийн Нарантуул” сэдвээр сурвалжлага бэлтгэхээр захыг зорьсон юм. Шуугиад байгаа шиг гэр, лаа шүдэнз тийм их гүйлгээтэй байна уу, ховордож уу, үнэ ханш нь ямар байна гэдгийг сурвалжлах гэж явсан хэрэг л дээ. Тэгсэн монгол гэр зардаг наймаачид “За, ах минь тэр ярианд итгэчихсэн яваа юм биш биз дээ” гээд шоолоод байна гэсээр хүрч ирсэн. Наймаачид лав Оюунгэрэл нарын дэгдээсэн цуу ярианд итгээгүй нь харагдаж байна. Ер нь хүмүүс энэ ярианд итгэхээсээ илүүтэй хэсэг сайхан зугаацаж л авсан байх даа. Ямар сайндаа онигоо гарах вэ дээ.

-Чи өрөө өг л дөө.

-За юу ч гэсэн 21-нийг хараатхая. Ийм онигоо гарсан бай­сан. Өчигдөр, уржигдар хүмүүс хэсэгтээ л иймэрхүү сэдвээр ярьж инээдэм, наргиан болцгоосон байх. Манай редакц хавиар лав иймэрхүү л байсан. Мартсанаас “Дэлхий сөнөнө” гэж сурталчилсан хүмүүсийг Хятад улсад баривчилсан гэсэн. Манайд харин зарим нэг хүмүүс юу дуртайгаа ярьж, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх шиг боллоо. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр гэртээ хөгшин настай ээж, аав, нялх нойтон хүүхдээ үлдээгээд ажилдаа гарах хүмүүс “Тэдний минь санаа нь зов­чихно. 21-нд эртхэн ажлаа дуусгаад гэртээ харина” гэсэн төлөвлөгөөтэй байсан. Настай хүмүүс янз бүрийн юм бодож, даралт нь ихсэхээс сэргийлсэн хэрэг л дээ. Манай зурагчин Б.Ганбаяр уржигдар таксинд суужээ. Тэгсэн жолооч хархүү “Оросоос баахан лаа оруулж ирчихээд зарж чадалгүй, хэдэн жил агуулахад хураалгаастай байсан юм. Ашгүй сая хэдэн хоног зах дээр гаргатал ёстой шуураад өнгөрлөө” гэж ярьжээ. Ер нь “Нарантуул” зах дээр ойрын хэдэн өдрүүдэд лаа, шүдэнз гүйлгээ сайтай байсан нь үнэн гэнэ. Энэ нь цуу ярианд итгэсэндээ бус цаг агаар хүйтэрч байгаа болохоор гал алдахгүй, зутрахгүй гэхдээ л малчид, гэр хорооллынхон түлээ түлш, шүдэнзээ нөөцөлж байгаатай дийлэнх нь холбоотой болов уу.

Баянхонгор, Завхан аймаг, Налайх дүүрэгт тарвага ичээнээсээ гарчихсан байна гэж хэчнээн ч их яригдав даа. Нутагтаа байгаа малчид тарвага ичээнээсээ гарсныг хараад ийм яриа гаргасан ч юм уу, эсвэл бас л их мэдэгчид, далдыг харагчдын тараасан цуу үг ч байв уу бүү мэд, одоогоор лав холбогдох байгууллагуудаас тарвага, зурам өвлийн хүйтэнд ичээнээсээ гарсан талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Яг үнэндээ, би лав Оюунгэрэл, Арго, Давааням нараас илүү НАСА “гуай”-д итгэж байна. Мартсанаас хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж элдэв юм ярин,  бичсэн номоо борлуулах арга сэдсэн “Орифлейм”-ийн Оюунгэрэлийг цагдаагаас “дуугүй байхыг” сануулсан сураг сонсогдоно билээ. Сүүлийн хэд хоног тэр чимээ, аниргүй алга болчихсон. Цагдаагаас банга хүртээсэн нь үнэн ч байж мэдэх юм. Монголд дэлхий “сүйрэх”-ийн өмнөх өдрүүдэд иймэрхүү л дүр зурагтай байлаа.

Ц.ШИЖИР

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж