Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн сонгууль гурван зүйлээр онцгой болж өнгөрчээ. Юуны өмнө эцгийн эрхт ёсны хатуу уламжлалтай солонгосчууд төрийнхөө тэргүүнээр эмэгтэй хүнийг сонгосон явдал байв. Дэлхийн эдийн засгийн форумын хамгийн сүүлийн тайланд дурьдсаныг үзвэл, эмэгтэй хүнийг эдийн засагт оролцуулдаг, тэдэнд албан тушаал ахих бололцоо олгодог түвшингээрээ Өмнөд Солонгос дэлхийн 135 орноос 116-д жагссан юм. Мөн Пак Гөн Хэ нэр хүнд нь навс унасан одоогийн ерөнхийлөгч Ли Мён Бакын эрх баригч консерватив намаас нэр дэвшиж ялжээ. Гуравдугаарт тэрбээр огт гэрлэж байгаагүй, хүүхэдгүй бөгөөд дэлхийн орнуудад тэр дундаа Азид ганц бие хүн төрийн тэргүүнээр сонгогдох нь төсөөлөгдөж байгаагүй хэрэг юм.
Сонгуулийн кампанийн явцад Пак Гөн Хэ дутагдалтай талаа давуу тал болгохуйц хурц мэдэгдэлийг нэг бус удаа хийж байв. Тухайлбал, бэлгийн харьцаанаас татгалзаж ирсэн нь хүнд үед улс орныг удирдах лидер хүнд байх ёстой чанарыг олж авахад тусалсан гэж хэлсэн удаатай. “Анхаарал халамж тавих гэр бүл, өв хөрөнгөө үлдээх үр хүүхэд надад байхгүй. Та нар бол миний надад заяасан ганц гэр бүл маань юм. Улс төрд орсон маань та нарыг л аз жаргалтай байлгах гэснийх. Та нар намайг сонговол би та нарыг гэр бүлээ гэж үзэн хамаг анхаарал халамжаа зориулах болно” гэж тэрбээр хэлж байжээ.
Ирэх хоёрдугаар сард албан тушаалаа хүлээж авах шинэ ерөнхийлөгчийн өмнө юуны түрүүнд тулгарч буй гол бэрхшээл нь эдийн засгийн уналт, мөн одоо хүртэл Өмнөдийн төдийгүй Хойд Солонгосын иргэдийн хувьд мартагдах яагаа ч үгүй байгаа эцэг ерөнхийлөгчийнх нь үеийн дарангуйлагч дэглэмийн айдас хүйдсээс үлдсэн сэтгэлийн дарамт юм. Тэрбээр эцгийнхээ төр барьж байсан 17 жилийн хугацаанд Сөүлийн ерөнхийлөгчийн ордонд өсч торнисон хүн. Юуны түрүүнд Өмнөд Солонгосын сөрөг хүчин олон зуун хүнийг хэлмэгдүүлсэн цуст дарангуйлагчийн охин гэдгээр нь түүнийг тууштай эсэргүүцэх нь зайлшгүй юм. Өмнөд Солонгосын улс төрийн тоймч Ю Жөн Сён энэ талаар хэлэхдээ “Улс орныг удирдахад түүнд ихээхэн саад учруулах зүйл бол эцгийнх нь үлдээсэн хар мөр яах аргагүй мөн. Энэ нь тэрбээр манай улсын хүн амын тал хувьтай шууд зөрчилдөнө л гэсэн үг. Энэ асуудлыг тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан эхний зургаан сарын дотор л шийдэж чадахгүй бол хэцүүднэ” гэжээ. Хойд Солонгосыг талархдаг гэж үзсэн хүмүүсээ хэлмэгдүүлж, эсэргүүцсэн иргэдээ нухчин дарж байсан эцгийнхээ үйлдлийн өмнөөс Пак Гөн Хэ уучлал гуйсан хэдий ч, цаазлуулсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг нь хангалттай гэж үздэггүй аж. Тэрбээр эхийгээ алагдсаны дараа буюу 1974 оноос хойш таван жилийн турш тус улсын тэргүүн хатагтай гэгдэж байсан бөгөөд энэ үед үйлдэгдсэн олон хэлмэгдүүлэлтийн хамгийн гунигтай нь “Ардын Хувьсгалт намын” гишүүд гэгдэн цаазлуулсан 30-52 насны найман хүний хэрэг юм. Өмнөд Солонгосын нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгч, зөгийчин, шар айрагны үйлдвэрийн эзэн, зүүний эмч, багш байсан тэдгээр найман хүнийг урвагч хэмээн ял оноосноосоо хойш 24 цагийн дотор, давж заалдах бололцоо өгөлгүй цаазалсан бөгөөд 2007 онд Дээд шүүхийн шийдвэрээр цагаатгасан гэдэг.
Сонгуулийн кампанийн гол сэдэв болсон эдийн засгийн асуудлын хувьд Пак Гөн Хэ нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талд анхаарлаа түлхүү хандуулсан боловч тодорхой амлалт цөөн өгсөн юм. Солонгосын дайны үнс нурман дундаас босч дэлхийд 14-т ордог эдийн засагтай болохын тулд энэ улс их зүйл хийсэн билээ. “Samsung”, “Hyundai” зэрэг дэлхийн хэмжээний аварга компаниуд түүчээ нь болж явдаг Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт сүүлийн олон арван жилийн туршид тогтмол 5.5 хувьтай байлаа. Гэвч энэ эрс хурд сааран ердөө хоёр хувь болж, ерөнхийлөгчийнх нь нэр хүнд навс унасан хүнд үед энэ сонгууль болжээ. 2007 оны сонгуулийн өмнө Ли Мён Бак эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэнэ хэмээн ам шүд өгч байж ялсан боловч энэ амлалт нь бүтээгүй юм. 2012 оны санхүүгийн жилд 2.4 хувьтай гарна хэмээн тоцоолж буй эдийн засгийн өсөлт тэрхүү амласан долоон хувьд хүрч байж л Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох орлого 2017 онд хоёр дахин өсч 40 мянган доллар болох бололцоотой ажээ. Пак Гөн Хэгийн хувьд эдийн засгийн өсөлтийг түргэтгэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Юуны өмнө тэрбээр жижиг, дунд үйлдвэрийг түлхүү дэмжихээ амласан бөгөөд учир нь энэ салбарынханд “Samsung”, “Hyundai” зэрэг аваргуудтай өрсөлдөх нь улам бүр хүнд болсоор байгаа юм. Мөн эдийн засгийнхаа, экспортоос хамааралтай байдлыг багасгаж дотоод зах зээлдээ түлхүү анхаарах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан билээ.
Хойд Солонгосын 29 настай удирдагч Ким Чен Унтай түүний хэрхэн харилцах нь мөн шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Цагтаа залуу удирдагчийн өвөө түүний эцгийг хөнөөхөөр хэд хэдэн удаа оролдож байв. 2002 онд хоёр орны харилцаа харьцангуй дулаан байх үед Пак Гөн Хэ эцэг Кимтэй уулзаж байжээ. Одоогийн ерөнхийлөгч Ли Мён Бак хүн амынх нь гурваны хоёр нь өлөн зэлмүүн байгаа хойдуудад өгдөг тусламжаа зогсоож уурыг нь барсан бол Пак Гөн Хэ Пхеньянтай харилцаагаа сайжруулахыг чармайна хэмээн амласан бөгөөд харин цөмийн хөтөлбөрийг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн билээ. Сэтгүүлчдийн давс нэмсэн ч байж магадгүй нэг явдал Пак Гөн Хэгийн амьдралд нэгэнтээ тохиолдсон нь, 1976 оны 10 дугаар сарын тэр нэг өдөр 22 настай хожмын ерөнхийлөгч, эцгийгээ алагдсан гэдэг мэдээг албаны хүмүүсээс сонсоод “Тэгээд хойд хил дээр тайван уу?” гэж асуусан гэдэг.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин