
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралтад өөрчлөлт оруулахаар болсон билээ. Гэтэл хувийн сургуулиуд сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй гэсэн гомдол, санал хүсэлт ирсэн учраас Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хувийн сургуулиудын удирдлагуудтай уулзжээ. Нийслэлийн боловсролын газрын даргын зүгээс хувийн сургуулиудад ч гэсэн сайдын тушаал үйлчилнэ шүү гэдгийг онцолжээ. Харин хувийн сургуулиудын зүгээс багагүй асуудал, бэрхшээл байдгийг хэлсэн байна. Тухайлбал, төлбөр мөнгөгүйгээр лам бэлтгэдэг шашны сургуульд хаа байсан Ховд, Увсаас лам болъё гээд ирсэн хүүхдүүд суралцдаг. Бөх бэлтгэдэг дунд сургуульд ч ялгаагүй, холоос ирсэн хүүхэд суралцдаг. Ид хүйтэнд хөдөөгийн хүүхдүүдийг нутаг буцаах нь эрсдэлтэй гэхчлэн эсэргүүцэх сургуулиуд байлаа. Уулзалтын төгсгөлд талууд ойлголцолд хүрч, энэ удаад хувийн, улсын гэлтгүй бүх сургуулиуд амрахаар болов. Хэрвээ амрахгүй, хичээллэж байгаа хувийн сургууль байвал Нийслэлийн боловсролын газарт мэдэгдэж болох нь.
Сурагчдын 35 хоногийн амралтын хугацаанд багш нарыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт зохион байгуулах аж.
Ш.ЧИМЭГ