Хүмүүс өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийг чих тавин хүлээв, урьд өдөр нь онцгойгийнхон дуулиант арванхоёрдугаар сарын 21-ний талаар мэдээлэл хийнэ гэсэн болохоор… Сайнаар хэлбэл онцгой байдлынхан ингэж зар тараагаагүй л байх л даа. Гэхдээ л тэднийг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэснээс болж 2012.12.21-ний сүйрэлд итгэсэн, итгээгүй бүх хүмүүс л чихээ тавьчихаж… Ойрд ядахдаа л цочир хүйтэрнэ гээд байгааг ч хэлэх үү, онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэгдээд байгаа ч хэлэх үү. Гэвч удтал хүлээсэн онцгойгийнхон нь хэвлэлийн бага хурал гэсэн сүржин мэдэгдлээрээ олигтой юу ч хэлсэнгүй. Олигтой гэдэг нь “Дэлхий сүйрэхэд бэлтгэж бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа” гэж хэлээсэй гэх гээгүй шүү. Магадгүй шинжлэх ухааны үндэслэлгүй ч гэсэн иргэд үймж сандрах тохиолдолд бэлэн байх ёстой гэсэн үүднээсээ сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа ч гэсэн зүгээр л түүнийгээ хэлчихгүй, бүлтийтэл хүлээсэн хүмүүст өнгөрсөн жилийн ажлаа тайлагнасаар өнгөрөөчихөв. Гэхдээ уг нь бол онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихаад байгаа. Угаасаа л жилийн жилд идэр есийн хүйтнээр онцгойгийнхон бэлэн байдалд ажилладаг. Ном дүрэмд нь ч салхины хурд 16 м/сек-ээс илүү гарах юм уу, өдөртөө 30-аас дээш, шөнөдөө 40-өөс дээш хэм хүйтрэх ахул өндөржүүлсэн бэлэн байдал зарлах ёстой. Ус цаг уурын хүрээлэнгээс ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна л гэж байгаа, зарим аймгийн нутагт 16 м/сек-ээс дээш шуурга ульж байгаа. Ерөөсөө шөнөдөө 20 гаруй хэм хүйтэн байхад ч хүн осгож хөлдөх, 16 м/сек –ээс доош шуурганд ч мал уруудаж, хүн эндэх тохиолдол гардаг. Тэр бүхэнд онцгой байдлынхан бэлэн байхын тулд жилийн жилд л өндөржүүлсэн бэлэн байдал зарладаг шүү дээ. Тэгээд ч энэ жил л дэлхий сүйрэхээс “урьтаад” эрс хүйтрээд байгаа хэрэг биш, идэр есийн хүйтэн эхлэхэд жавар тачигнаж л байдаг шүү дээ. Үүнийгээ л онцгойгийнхон жирийн үгээр тайлбарлаад өгчихгүй.
Эцэст нь бас нэг онцгой мэдэгдлийг сануулъя. Цагдаагийн ерөнхий газрын дандаа зурагтаар гарч байдаг нэг хурандаа “Дэлхийн сүйрэл ярьж бусдыг уруу татаж байгаа хүмүүст авах арга хэмжээ гэж бас бий, архи дарс битгий уугаарай” гэх утгатай зүйл ярина лээ. Арай ч Хятад шиг 2012.21.12 гэсэн бичигтэй бүхнийг устгаж, цуурхал дэгдээсэн хүмүүсийг баривчилна гэсэнгүй. Архи дарс уухын тухайд бол хурандаагийн анхааруулга туйлын зөв. Дэлхийн сүйрэхээс өмнө гээд дарвиад явж байж чадах л хүмүүс шүү, манайхан.
А.АНУ