Өнөөдөр дэлхий сөнөхгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Өмнөд хөршийн эрх баригчид дэлхий сүйрнэ гэсэн цуу яриа, янз бүрийн
олон нийтийн санааг үймүүлэх гэж оролдсон этгээдийг баривчлаад эхэлсэн.Дэлхийн сая сая иргэдийг цочролд оруулаад байгаа худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг няцаасан НАСА-гийн албан ёсны мэдэгдэл дэлхий нийтийг тайвшруулах гэж оролдсоор байна. Нэг хэсэг нь маяачуудын он тоолол дуусч, шинэ эрин үе эхэлнэ гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь дэлхий сүйрэхгүй гэдэгт бат итгэлтэй байгаа. Ямартай ч дээрх мэдээлэлтэй холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт бэлтгэлээ базааж, дор бүрнээ энэ өдөр болох зүйлд бэлдэж байна.

Үүнийг дагаад нийгэмд онц ноцтой аюултай зүйл болж магадгүй гэдэг үүднээс эрх баригчид арга хэмжээ авсаар байгаа. Өмнөд хөршийн эрх баригчид дэлхий сүйрнэ гэсэн цуу яриа, янз бүрийн олон нийтийн санааг үймүүлэх гэж оролдсон этгээдийг баривчлаад эхэлсэн. Харин АНУ-д хэсэг иргэд өөрсдийн гэсэн бүлэг үүсгэж, газар дор нуугдах оромж байгуулсан талаар ч өнгөрсөн сард олны анхаарлыг татаж байсан.

НАСА-гийн хувьд “Дэлхий сүйрэхгүй” гэсэн тайлбарыг өөрийн цахим хуудас болон дэлхийн томоохон цахим ертөнцөөр, хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацсаар байна. Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн эрдэмтэд “Дэлхийтэй нийлээд хэд хэдэн гараг нэг шугамд орж байгаа нь энгийн л үзэгдэл. Цаг агаарын хувьд жаахан л хүйтрэх төлөв ажиглагдсан. Түүнээс биш ямар нэг цахилгаан соронзон үүсч эх дэлхийг цахилгаангүй болгоно гэсэн ямар ч шинжлэх ухааны тайлбар гараагүй” хэмээжээ.
Аюултай үзэгдэл болох магадлал тун бага. Хүйтний эрч ихсэж, цаг уурын бага зэргийн өөрчлөлт гарах нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлж чадахгүй болж таарч байгаа юм. Шашин судлал, лам хуврага хүртэл дэлхий сөнөхгүй гэдэгтээ санал нэгтэй байгаа. Хамгийн хачирхалтай нь дэлхийн улс орнууд үүнийг хэрхэн хүлээн авч байна. Хэрхэн бэлтгэлтэй байна гэдэг хамгийн чухал. Япончууд “Манай дэлхийд ирэх дөрвөн тэрбум жилд ч ийм аюул учрахгүй” гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин “Гараг давхцах үйл явц дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ” гэдгийг Швейцарийн эрдэмтэд “Ирэх арван жилд нарны аймгийн гарагууд бүгд нэг эгнээнд зэрэгцэхгүй. Энэ удаад хэдхэн гараг давхцаж байгаа нь 5000 жилд нэг удаа тохиолдох агшин. Мөн дэлхий  энэ онд галактикийн хавтгайг хөндлөн гарахгүй. Гара­гууд нэг эгнээнд зэрэгцдэг юм аа гэхэд дэлхийд маш багаар нөлөөлнө. Дэлхийн тэнхлэгт бага зэрэг нөлөөлж магадгүй. Харин жил бүрийн  арванхоёрдугаар сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй  давхцдаг боловч  дэлхийд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй ирсэн” гэсэн тайлбарыг хийжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт залуучууд өчигдрийг ямар нэгэн байдлаар найз нөхөдтэйгөө өнгөрөөх төлөв ажиглагдсан нь судалгаагаар батлагджээ. Харин өнөөдөр дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх болно гэдгийг “Google” сайтын олон нийттэй харилцах судалгааны баг олж тогтоосон байна.

Мөн сонирхогчдын одон орон судлалын төвийн хэсэг судлаачид “Eris” гарагийн талаар нэгэн тайлбар хийжээ. Учир нь хүмүүс дээрх гарагийг энэ оны сүүлчээр дэлхийтэй мөргөлдөх талаар эртнээс яриа гаргасан юм. Судлаачид “Eris хэмээх гараг бий боловч өөр нарны аймагт хамаардаг. Энэ гараг нь дэлхийд хамгийн ойрдоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг учраас дэлхийтэй хэзээ ч мөргөлдөхгүй. Тиймээс дээрх яриа худал” хэмээсэн талаар CNN агентлаг уламжлав.

Мөн дэлхийн туйл өөрчлөгдөх талаар ч янз бүрийн яриа гарсан үүнийг НАСА өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Мөн дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх боломжгүй. Эх газрууд удаан хугацааны турш аажмаар шилжин хөдөлдөг гэдгийг эртнээс баталсан байдаг” гэсэн юм.

Хятадын хэсэг иргэд солирын бороо орж магадгүй хэмээн бөмбөрцөг хэлбэртэй титанаар бүрсэн оромж хийсэн. Шинжлэх ухааны үүднээс солирын бороог нэг л гаргалгаагаар тайлбарладаг аж. Манай дэлхий дээр солир болон жижиг солирын хэлтэрхий үе үе унадаг. Тиймээс иргэд ийнхүү бага зэргийн айдастай янз бүрийн өөрсдийгөө хамгаалах төхөөрөмжүүд хийсэн байх. Гэхдээ жижигхэн солирууд нь дэлхийг сөнөөх хэмжээний байдаггүй. Үүнийг хянахын тулд, аюулгүй байдлыг хангахын тулд НАСА ажиллаж байгаа. Түүхэнд 65 сая жилийн өмнө солирын бороо орж нэгэн шинэ хуудсыг нээж байсан удаатай. Гэхдээ өнөөгийн нийгэмд дэлхий рүү ойртож байгаа ямар нэг биетийг 10 жилийн өмнөөс олж тогтоодог болсон аж.

Харин наран дээрх шуурганы талаар “Нарны идэвхжилийн улмаас наран дээр байж байгаад шуурга болдог. Баталгаатай эх сурвалжийн үзэж буйгаар энэхүү нарны идэвхижил тогтмол хугацаанд  адил давтамжтайгаар болдог. Хамгийн өндөр идэвхижил  ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог. Тэр нь энэ жил биш. Өөрөөр хэлбэл нарны дараачийн өндөр идэвхижил  2013-2014 оны хооронд болох бөгөөд дэлхийг сүйрэлд хүргэх хэмжээнд нөлөөлөхгүй”  гэсэн тайлбарыг өгсөн.

Их гүрнүүдийн тэргүүнүүд хүртэл өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Мэдээж ямар ч улсын Ерөнхийлөгч ард түмний энх тайван байдал, нийгэм дэх айдсыг хэвийн байлгахын тулд ийнхүү мэдэгдэл хийсэн гэдгийг “Guardian” цохон тэмдэглэсэн.

Энэ сарын дундуур НАСА-гаас хэмжээгээрээ гурван давхар байшин шиг өндөртэй солир манай гарагаас 60 мянган километрийн зайтай зөрсөн талаар мэдэгдсэн. Зарим хүн энэ талаар “Урьд өмнө нь болж байгаагүй түгшүүртэй хэрэг болсон талаар мэргэжилтнүүд аюул өнгөрсөн хойно мэдэгдлээ” хэмээн шүүмжилсэн. Судлаачдын таамаглаж буйгаар ирэх оны буюу 2013 оны аравдугаар сард мөн дэлхийн хажуугаар нэгэн солир өнгөрөх магадлал тун өндөр байгаа гэдгийг давхар мэдэгдсэн. Тооцоогор дараа жилд солир 54 мянган километр болон ойртох талаар сансар судлалын эрдэмтэд баталжээ. Одооноос арга хэмжээ аваад эхэлсэн гэдгийг ч тэд баталсан байна.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж