&#34Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

&#34Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ&#34

Үрсийнхээ инээхийг харж шулагнахыг сонсож, үнсэлт, тэврэлтээр шагнахаар эцэг, эхчүүд гэр рүүгээ тэмүүлэх энэ цагт  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д бяцхан үрийнхээ дээсэн дээр дэнчигнэх амийг аврахын төлөө нэгэн гэр бүл итгэл тээн тэмцсээр. Бяцхан хүүгийн өрөөг чиглэн алхах зуурт өвчиндөө шаналан уйлах, давчдах бяцхан үрсийн  дуу  зүрх рүү зүү мэт хатгах нь зовиуртай.
 
Хүүгийн хэвтэж буй өрөөний үүд хүртэл алхахдаа, туслахаар ирж байж нулимс унаган бусдын сэтгэлийг хямрааж болохгүй хэмээн өөрөө өөртөө хэлж явлаа.  Цонхийж цайсан ядрангуй царайтай атлаа өрөөг гэрэлтүүлэх мэт инээмсэглэсэн хүү угтав.

Тэр нэгэн өдөр ихэр хөвүүнтэй болсон
залуу хос тэдэндээ Сайханбилэг, Сайнбилэг хэмээх ерөөлт нэрийг
хайрлажээ. Гэвч жаргалант амьдралыг бараан  үүл төдөлгүй нөмрөн авна гэж
тэд санаагүй. Байгаль дэлхийд гамшигт үзэгдэл хэмээх давашгүй хүчин
байдаг шиг хүний амьдралд өвчин хэмээх хэлж ирдэггүй зовлон бий.  Ихрийн
өрөөсөн М.Сайханбилэг төрөөд дөнгөж долоо хоноод шарлаж,  14
хоногтойгоос өтгөн нь цагаан өнгөтэй гарах болжээ.  Хорвоод мэндлээд
ердөө сар шахам болсон хүүг эмч нар цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн
оношилсон байна. Оны эхэнд эмч нар түүний бөглөрсөн цөсийг нь авч,
элгийг нь гэдэстэй нь холбох мэс ажилбар хийжээ. Эдгэчихлээ хэмээн эцэ,г
эх нь хагартлаа баярласан. Өнгөрсөн хугацаанд хүү холангит болон
ханиадны улмаас дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Энэ оны
арваннэгдүгээр сард ээж, хүү хоёр дахин эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын
төрөлх гэртээ бус  Улаанбаатар хотын төв эмнэлэгт яаралтай шилжихээс
өөр аргагүй болж.  Шулуун гэдсээрээ нэг өдрийн дотор есөн удаа цус
алдсан хүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв"-д шөнөдөө хүргэж, цус
тогтоох арга хэмжээ авчээ. Тав хоног цус алдалгүй өнжсөнд баярласан
эцэг, эх хүүгээ элэгний церёзтой болж, венийн судсууд нь өргөссөн байхыг
удалгүй олж мэдэв. 
 
Нэг насны төрсөн өдрөөрөө М.Сайханбилэг хүү гэртээ халуун ам бүлээрээ
бялуу зүсэж, төрсөн өдрийн дуу дуулж чадаагүй. Харин эмнэлгийн орон дээр
эцэг, эх, эгч, энэ биеийнхээ нөгөө тал Сайнбилэгийнхээ төлөө үхэл
амьдралтай тэмцэж байжээ. Эмч нар өнгөрсөн сарын 29-нд хийсэн
хагалгаагаар хүүгийн ходоодыг нээж, өргөссөн судсуудыг хананд нь бэхэлж,
дөрвөн том судсыг нь боосон байна. Түүнчлэн цус төлжүүлж, элгэнд туслах
үүрэгтэй дэлүү нь ачааллаа даахаа байн өөхөлж, аавынх нь гарын алганы
дайтай томорсон байсан учир мөн л авахаас өөр аргагүйджээ.  Хорвоогийн
нарыг үзээд жил ч болоогүй Сайханбилэг хоёр ч удаа хүүхэд байтугай том
хүн ч даахааргүй хүнд мэс засалд ороод давсан байна.  
 
Хагалгаа амжилттай болсон ч мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээний хоёр
долоо хоногийн хугацаанд хүү дахин хоёр ч удаа цус алджээ. Эмч нар
дээрх хагалгааг төгс хагалгаа биш амь торгоох төдий. Гаднын эмнэлэгт
очиж элэг шилжүүлэхээс нааш авралгүй гэжээ. Сайханбилэгийн цус алдалт
өмнө нь дөрөв, тав хоногийн зайтай байдаг байсан бол одоо давтамж нь
ойртож, хоёр хоног болжээ. Элэг нь хатуурч, зүрх нь томорч байгаагаас
үзэхэд бусад эрхтэнд ч  нөлөөлж байна гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан
байна.
 
Хүүгийн биеийн байдалтай танилцахаар эмнэлэг дээр очсон энэ өдөр ч хүү
цус алдаж сульдсан, халуунтай байлаа. Халуун нь буухгүй аваас унтуулах
тариа хийн, хүчээр буулгана гэж эмч нь хэлж байна лээ. Хүүг сэрүүн
байхад тариа хийх ямар ч боломжгүй. Учир нь судас нь хагарч, бүх
хэсгээрээ уян зүү орохооргүй бүдүүрчээ.  Харин ихрийн өрөөсөн Сайнбилэг
хүү Эрдэнэтэд эмээ дээрээ үлдсэн ч Сайханбилэгийг Улаанбаатарт цус
алдахад уйлагнан тавгүйтэж, халуурахад нь даган хямардаг гэнэ. Тэд ихэр.
Хамтдаа байхыг ямар их хүсэж байгаа бол. Сайханбилэгийн таван настай
жаахан эгч нь хүртэл миний дүүг эдгээж өгөөч хэмээн байсхийгээд л бурхны
өмнө залбираад суучихдаг гэнэ лээ. Халуун ам бүлээрээ тэмдэглэлт ой,
баяр наадам тэмдэглэж үзээгүй тэдэнд гэр бүлийн зураг авахуулах боломж
өдийг хүртэл олдоогүй байна.
 
Хүү нь цус алдан хүндрэх үед ээж нь тэсэлгүй уйлжээ. Гэтэл амьдрахын
төлөө бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж буй Сайханбилэгийн нулимстай
нүд инээмсэглэлээр солигдсон гэдэг. Хүүгийн ээж А.Ундрал “ Хүү минь яг л
"Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ” гэж хэлж байгаа мэт өөдөөс инээсэн.
Би ч хүү рүүгээ инээсэн. Миний хүүд амьдрах хүсэл тэмүүлэл ингэж их
ундарч байхад би бууж өгч болохгүй гэж бодсон” гэв.

Үргэлжлэлийг www.mongolianeconomy.mn-ээс уншина уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж