зууны тэртээ өөхөн дэнгийн гэрэлд арьсаа элдэж, дээл, гутлаа урладаг
байсан монголчууд өдгөө ганц сарын эдэлгээ даахгүй “гангарааг” сонгох
болов.
Учир нь монголчууд нэгэн зууны дараа хөгжил дэвшлийн эрин
үед чаддаг зүйлээ чадахаа больж, гадныхныг царайчилж, тэдний эдийн
засгийг дэмжих болсоор даруй 20 гаруй жилийг үджээ.
Ганцхан жишээ
дурьдахад бид өмсөх гутал, хувцсаа үйлдвэрлэж чаддаггүйнхээ төлөө ямар
их мөнгөөр урд хөршийн зах зээл, эдийн засгийг тэтгэснийг Эрээн хотоос
бэлхнээ харж болно. Тиймээс ч хойноос ирээд хот минийх, хотонд ороод
хонь минийх гэгчээр Хятадууд даварсаар өдгөө арьс, ширний зах зээлийн 80
хувийг атгаж, жилдээ бид хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялгаа
урсгасаар байгаа юм.
Харин энэ бүхнийг зогсоох нэгэн алхам бол
200 тэрбум төгрөгийн бонд юм. Тодруулбал, Арьс, ширний үйлдвэрлэлийг
дэмжих Засгийн газрын үнэт цаас гаргах төслийг ҮХААЯ-наас гаргасан.
Одоогийн байдлаар манай арьс, ширний түүхий эдийн нөөц мөнгөн дүнгээрээ
150 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй. Үүнээс үндэсний үйлдвэрүүд 25 хувь
буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
бол, 75 хувь буюу 112 тэрбум төгрөгийн түүхий эдийг түүхийгээр нь болон
анхан шатны боловсруулалт хийн гадагшаа гаргаж байна. Ингэснээр 800-900
тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэх үүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжоо
алдаж байгаа юм.
Тиймээс арьс ширний үйлдвэрүүдэд эргэлтийн
хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх, түүхий
эдээ тушаасан малчдад өгөх урамшуулал зэргийг шийдвэрлэхээр дээрх 200
тэрбумын бондыг гаргахаар болсон юм. Бонд гаргаснаар жилдээ 10.3 сая
арьс, шир гадагшаа гаргадгийг таслан зогсоож, үүнийг дотооддоо бүрэн
боловсруулах юм. 200 тэрбумын бондын 60 тэрбумыг нь малчдын урамшуулалд
олгож, үлдсэн 140 тэрбумаар бүтээгдэхүүн эдлэл үйлдвэрлэгчиддээ дэмжлэг
үзүүлэх аж. Гэхдээ энэхүү бондоор ихэвчлэн эргэлтийн хөрөнгийг
сайжруулах, түүхий эд бэлтгэх асуудлыг шийдвэрлэх тул зарим үйлдвэрийн
техник, технологийн шинэчлэлийг Чингис бондоос гаргах аж. 200 тэрбумын
бондыг таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэйгээр
арилжааны банкуудаар олгоно.
Өмнө нь ноосны урамшууллын бондыг
бас гаргаж байсныг санаж буй биз ээ. Хэдийгээр энэ тогтолцоо 100 хувь
найдвартай, зөв хэмээн дэмжигдээгүй ч ямартай ч ноосны урамшуулал
салхинд хийсээгүй гэдгийг өдгөө бид харж суугаа. Харин энэ удаад
үндэснийхээ үйлдвэрлэлд арьс, ширээ өгсөн малчдад энэ урамшууллыг
олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, богийн арьсанд 3-5 мянга, бодын
арьсанд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон юм. Арьс, шир
боловруулалт нь мах бэлтгэлттэй уялдаатай тул хэдийнэ арьс шир гараад
эхэлчихсэн. Тиймээс ч арьс ширний бондыг хурдан гаргаж, түүхий эдээ
дотооддоо бэлтгэх асуудлыг яаравчлахыг салбарын сайд нь анхааруулж
байгаа юм. Харин энэхүү бонд яригдаж эхэлсэн цагаасаа тал бүрийн
шүүмжлэлд өртөж эхэлсэн. Тухайлбал, мах бэлтгэл хэдийнэ дуусч, худалч
хүнд бараг мал эхнээсээ төллөх гэж байхад хожимдсон ухаарал байсан
хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Түүнчлэн идэшний үе өнгөрсөн
тул арьс, шир аль хэдийнэ урд хөрш рүү гарах нь гарчихсан гэж байгаа
юм. Аливаа асуудлыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалан хариулт нь
өөрчлөгддөг гэдэг. Тиймээс ч эхлүүлж буй ажлыг шүүмжлэх амархан. Харин
үр дүн бүхнийг илтгэнэ.
Монголчууд арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “байсан…”
Уг
нь монголд 1934 онд аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, бид 1935 онд
цагаан ултай гутлаа үйлдвэрлэж байв. Зөвхөн гутлаар ч зогсохгүй торгон
савхи зэрэг дэлхийн зах зээл дээр өндөр үнэд хүрдэг эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг байсан тухай аав, ээжүүд маань ярьдаг. Тухайн үедээ 18
мянга гаруй ажилтантай, 17 том үйлдвэртэй, технологийн шинэчлэл хийдэг,
инноваци нэвтрүүлдэг судалгааны том төвтэй, лабораторитай томоохон
хэмжээний аж үйлдвэрийн комбинат ажиллаж, арьс ширийг эцсийн
бүтээгдэхүүн болгодог байсан гэдэг. Улмаар Польш, Чех, Болгарт боловсон
хүчнээ бэлтгэдэг байсан аж. Тэр ч бүү хэл арьс ширний үйлдвэрүүд ид
ажиллаж байх үед буюу 1980-аад онд Туулын гүүрний доороос Унгарууд загас
барьдаг байсныг тухайн үеийн мэргэжилтнүүд гэрчилдэг.
Энэ бол
арьс ширний үйлдвэрлэлийг горимынх нь дагуу үйл ажиллагааг нь явуулбал
байгаль орчинд халгүй жишээ. Гэтэл Туул голд загас үхэж, хоёр толгойтой
тугал төрж байгаа нь зөвхөн арьс, шир үйлдвэрлэгчдийн буруу мэт мэдээлж
байгаа нь дэндүү ташаа ойлголт гэдгийг ч мэргэжилтнүүд сануулж байгаа
юм. Үндсэндээ 1990 онд өмч хувьчлалын буруугаас болж 30 гаруй үйлдвэр
хаалгаа барихад хүрч, олон хүн ажлын байргүй болсон гэдэг. Улмаар урд
хөрш түүхий эд авахаа болингуут анхан шатны боловсруулалт хийдэг болсон
аж. Одоогийн байдлаар 30 гаруй үйлдвэр энэ салбарт үйл ажиллагаагаа
явуулж, 7-8 мянган хүн ажиллаж байна.
Цагтаа ДНБ-ий 10 гаруй
хувийг эзэлдэг байсан энэ салбар өдгөө 0.1 хувийг л дөнгөж бүрдүүлж
байгаа юм. Тэгвэл яагаад бид арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгон
боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлж болохгүй гэж. Зөвхөн байсан
хэмээн санааширч, өнгөрсөн үеэ санагалзахын оронд оршин байхын тухай
бодож болохгүй гэж үү.
Бид 40 гаруй сая малтай. Жилдээ манай
улсын зах зээлд 10 гаруй сая ширхэг арьс нийлүүлэгддэг. Харин дэлхийн
зах зээл дээр арьс ширний үнэ маш өндөр байна. Гэтэл бид арьсаа зөвхөн
анхан шатны боловсруулалт хийгээд хөх шир байдлаар гаргасаар л байх уу.
Нэмүү өртөг, хөдөлмөрийн бүтээмж шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, экспортлох боломж байсаар атал нүдэн балай, чихэн дүлий
суусаар байх юм гэж үү. Мэдээж ийнхүү боловсруулалт хийж, эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төсөвт оруулах орлого нь ч нэмэгдэнэ. Манай
улсад жилдээ бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс
25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 74.2 хувь нь
түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу
экспортлогддог.
Ноосны урамшуулал салхинд хийсээгүй
Өмнө
нь гаргасан 300 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан 300 тэрбум төгрөгийг
жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд, 100 тэрбум төгрөгийг ноолуурын
үйлдвэрлэлийг дэмжихэд, 40 тэрбум төгрөгийг ноосны үйлдвэрлэлийг
дэмжихэд зарцуулсан байна. Жилдээ ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид 700 тн
ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 20 хувийг л ашигладаг байсан бол 2012
онд өмнөх жилийнхээс гурав дахин их буюу 2168 тн ноолуур бэлтгэн, хүчин
чадлынхаа 50 хувийг ашиглах болсон нь сайшаалтай.
Түүнчлэн 1540
ажлын байр бий болсон аж. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид жилдээ 4000 тн ноос
худалдан авдаг байсан бол ноосны урамшуулал, зээлийг олгож эхэлснээс
хойш 16.400 тн ноос бэлтгэсэн байна. Улмаар энэ онд 103 малчинд 29.4
тэрбум төгрөгийн урамшуулал олгосон аж. Үүнээс гадна хөдөө орон нутагт
ноос угаах зургаан үйлдвэр баригдаж эхэлсэн байна. Энэ бол ноосны
салбарт гарсан ололт. Харин арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг
дэмжих 200 тэрбум төгрөгийн бондын үр дүнд 25 мянган ажлын байр бий
болох судалгааг ҮХААЯ хийсэн байна.
Арьс ширний үйлдвэрүүдийг
дэмжих бондын зээлийг авч үйлдвэрлэл явуулснаар гутал, хувцас, цүнх,
жижиг эдлэл үйлдвэрлэх оёдлын 200 үйлдвэр орон нутагт бий болох аж. Мөн
арьс, ширний үйлдвэрлэлийн салбар нийт 1.01 их наяд төгрөгийн борлуулалт
хийж, 450 сая ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ, Европын холбооны улсууд,
БНХАУ болон бусад орнууд руу экспортолж, зах зээлээ өргөжүүлэх
боломжтой болох юм. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 2016 он
гэхэд 25 мянган хүнийг ажлын байраар хангана.
Түүнээс гадна
үндэсний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэлийн үеэр эргэлтийн хөрөнгийн
дутагдалд орсноор түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй байна. Улмаар
үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахг үй 5-6 сар сул зогсдог
байна.Харин малчид үндэсний үйлдвэрлэгчидэд арь, ширээ тушааснаар энэхүү
хомсдлоос ангижрах юм. Улмаар 2014 он гэхэд бод малын арьс ширийг 100
хувь, хонины арьсыг 98.5 хувь, ямааны арьсыг 87.2 хувийг гүйцэд
боловсруулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Энэ
бол Засгийн газрын халамж биш үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодынхоо эдийн
засгийг дэмжих алхам юм. Малчид, үйлдвэрлэгчдийн толгойг илсэн алхам бус
39 ам.доллараар гаргасан арьсаа 80 ам.доллараар худалдаж авахаас
татгалзах бодлого юм. 50 сая малтай монголчууд гэдэс цатгалан, мөр бүтэн
амьдрах эрхтэй. Ядахдаа гутал, цүнхнийхээ дотоодынхоо хэрэгцээг хангах
чадвартай. Гагцхүү үүнд төрийн мэргэн бодлого, алсын хараа хэрэгтэй.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин