Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Аврал хүлээсэн харц

Аврал хайрласан тэврэлт… Энэ бол ихэр хүүхдүүдийн гайхалтай түүх. Ихэр охидын нэг энэ хорвоод үлдэх эсэх нь эргэлзээтэй байв. Эмнэлгийн асрагчид түүнийг амьдруулах гэж тэмцэлдсэний эцэст инкубаторт хийжээ. Харин ихрийн өрөөсөн болох нөгөө охин нь эгчдээ үгээр илэрхийлэхийн аргагүй нэгэн тэврэлт бэлэглэсэн юм. Түүнийг ихрийн биед хүрэхийн төдийд эгчийнх нь зүрх эргэн цохилжээ.

Брил Жонсон болон Кайри Жонсон хоёрыг хорвоод мэндэлснээс хойш 12 долоо хоногийн дараа /1995 он/ энэ гайхалтай үйл явдал болжээ. Эмнэлгийн эмч Гайл Каспариан Брилийг  амьдруулахын тулд хэдэн долоо хоногийг зарцуулсан юм. Брилийн зүрх төрөлхийн хүчил төрөгчийн дутмагшилтай байсан учраас инкубаторт нь хүчилтөрөгч шахаж, хэдэн хоногийн турш амьдруулж чадсан байна. Гэхдээ түүний зүрхний  цохилт доголдож байсан учраас хиймлээр амьсгалуулж байжээ. Харин Гайл Каспариан эмч нарын зөвлөгөөний хурал дээр ихрүүдийг салангид байлгаснаас нэг оронд хэвтүүлж үзье гэсэн санал дэвшүүлсэн ч багагүй эсэргүүцэлтэй учирсан юм. Учир нь Европын орнуудад ихэр хүүхдийг төрснөөс нь хойш хэд хоногийн турш салангид байлгах ёстой гэх эртнээс тогтсон хэвшил байжээ. Аз болж Каспариан эмчийн удирдлагууд үүдэн гарах эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах болзолтойгоор түүний саналыг зөвшөөрсөн байна. “Би зүгээр л ихэр хүүхдүүдийн хоорондын холбоог бодсон. Магадгүй ямар ч мундаг эмчийн үзүүлээгүй эмчилгээг эгч нь өгч чадах юм шиг санагдсан” гэж Каспариан хожим дурсчээ. Тэднийг инкубаторт хамт байлгаснаас хойш хэд хоногийн дараа ихрийн өрөөсөн Кайри эгчийгээ тэврэн, хүзүүн дээр нь гараа тавьсан байсан юм. Ердөө хэдхэн хормын дараа Брилийн цусны хүчилтөрөгч тогтворжиж, зүрхний цохилт нь хэвийн хэмжээнд хүрэхийг эмч нар хараад итгэж яджээ. Кайригийн бяцхан гар үгээр хэлэхийн аргагүй агуу тэврэлтийг эгчдээ өгч чадсан гайхалтай түүх бол энэ. Энэ явдлаас хойш ихрүүдийг тусгаарлаж өсгөдөг европ арга өөрчлөгдөж, тэд нэг оронд өсдөг болжээ. Харин энэ түүхийн эзэн Брил, Кайри нар одоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд болсныг та харж байна. 

Тийм ээ, ихрүүд хамтдаа өсөх ёстой. Алтан хэвлийд багталцан амьсгалж, ангир уургаа хамт амласан энэ хоёр бие нэг амьтай юм.

Ихрүүдийн тухай энэ түүхийг дурссан учир нь ихэр хөвгүүдэд тохиолдсон шаналал зүрх өвтгөснийх. Сайханбилэг, Сайнбилэг гэж хоёр хүүгийн нэгийг хүндээр өвдсөн тухай анх интернэтээс олж мэдсэн юм. Ихрүүд 2011 оны арваннэгдүгээр сарын 29-нд төржээ. Тэд дээрээ нэг эгчтэй. Эгч нь одоо таван настай.

Эдний гэр бүл Эрдэнэтийн айл. Залуу хосууд юугаар ч дутахгүй сайхан амьдралтай, хэнээс ч дутахгүй ажил албатай. Гэхдээ тэд хүүгээ төрснөөс хойш ээлжлэн эмнэлэгт сахисан болохоор сүүлийн хэдэн сар ажлаа хийх боломжгүй болжээ. Сайханбилэг ээжтэйгээ Улаанбаатарт, эмнэлэгт голдуу, Сайнбилэг аав, эмээ хоёртойгоо Эрдэнэтэд голдуу амьдарсаар ихрүүд нэг ёсондоо хоёр тусдаа өссөн байна. Харин саяхан Сайханбилэгийн бие муудаж, хагалгаанд орох болоход нь ихрийн өрөөснийг Эрдэнэтээс авчирч, хажууд нь байлгажээ. Яг л Брил, Кайри хоёр шиг. Нэг нь өвдөж, нэг нь өрөө эмтэлж ихэр хөвгүүд эмнэлэгт уулзсан байна. Тэр өдөр ихрүүдийн төрсөн өдөр байжээ. Тэгтэл яасан гээч. Хагалгаа амжилттай болсон ч зовиураа тэсэлгүй удтал уйлагнасан Сайханбилэг дээр дүү нь орж ирэхэд нулимстай нүд нь инээмсэглэлээр гэрэлтэж, нүүр дүүрэн баяр болсон гэсэн. Ихрийгээ хажууд нь байгаа үед хүү “өвдөхгүй” байж чаддаг гэнэ. Ихрүүд, ихэр хөвгүүд…

Ийм хайрламаар тавилангийн хажуугаар яаж бид чимээгүй өнгөрөх юм бэ. Сайханбилэг хүүг ихрийнх нь дэргэд үүрд хамт үлдээмээр санагдаад, өр өвдөж байна. Төрөлхийн цөсний битүүрэлтэй байснаасаа болоод өнөөдрийг хүртэл өвдөж байгаа хүү одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоо хүлээн, хамаг чадлаараа тэмцэж байгаа. Аав, ээжид нь хүмүүс туслаад алтан амийг нь аврахыг хүлээж байгаа.

Хүүгийн бие өчигдөр тавгүйрхсэн ч өмнөх өдөр нь цовоо сэргэлэн байсан гэнэ. Түүнд аавынх нь цусны бүлэг таарч байгаа ч аавыг нь бус нөгөө ихрийг донор болгох өөр нэг хувилбарыг эмч нар санал болгосон байна. Гэхдээ аав, ээж нь хоёр хүүгээ хамт өвтгөхийг хүсэхгүй байгаа нь мэдээж. Өвдөснөө өндийлгөдөг, унаснаа түшдэг монгол зан алга болчихоогүй билээ. Өнөөдөр тэднийг өөрсдийн үр шиг санасан олон хүн тусалж байгааг ихрүүдийн гэр бүлийнхэн дамжуулж өгөхийг хүссэн юм. Тэр үгийг хүн бүхэнд дахин дахин уламжилъя. Сайханбилэг хүүд сайхан сэтгэлийн гэрлээ тусгасан элэг нэгт та бүгдийн сайн үйлс дэлгэрэх болтугай.

Аврал хүлээсэн энэ харцнаас аз жаргал гэрэлтсэн инээмсэглэлийг хүлээж байна.   

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж