Малчид тэгтэл тэс ондоо тайлбар хийж сууна. Тэд “Хэзээ байтлаа монгол хүн зулын 25-наас хойш идэш хийж байсан юм бэ. Арваннэгдүгээр сарын дунд үеэс идшээ хийж эхлээд цувж увсаар зулын 25-наас өмнө амжуулдаг. Түүнээс хойш малын тооллого ч эхэлж, мал тарга тэвээргээ алддаг. Сарын өмнө шахам идшээ хийгээд, төхөөрсөн малынхаа арьс ширийг ченжид тушаачихсан. Арьс ширнүүд хэзээний урд хил даваа байлгүй” гэж байна.
Үнэндээ ч өдийд малаа нядлаад сууж байх малчин хэд бол. Олонхи нь л энэ их ажлын ард гарсан сураг дуулдана. Хэдийгээр өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа нь үнэн ч, малчдын хувьд ес эхлэх дөхөж буй энэ үед идэш хийнэ гэдэг бүр лөөлөө бололтой. Тиймээс хоршооллын гишүүн малчинд урамшуулал хэлбэрээр өгөхөөр төлөвлөсөн 59.6 тэрбум төгрөг хэний халаас руу орох бол… Лав л малчдын хэтэвчинд орох нь нэгэнтээ өнгөрч байна. Малын арьс шир цуглуулдаг ченж нарын тухайд нэг хэсэг нь энэхүү урамшууллын зах зухаас “шүүрч” мэдэх л юм. Гэхдээ ихэнхи нь хятад ченжүүдийн өгсөн мөнгөөр хөдөлдөг хөлсний ажилчид шүү дээ. Энэ тохиолдолд Засгийн газраас гаргах 200 тэрбум төгрөгийн бонд урд хөршийнхнийг дэмжээд үрэн таран болох юм биш биз. Эсвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга хоёр нийлж байгаад ченжүүдээр дамжуулаад арьс, ширийг бүгдийг нь цуглуулчихсан байгаа хэрэг үү. Тийм бол малчдын гарт урамшуулал очно гэдэг юу л бол… Яах вэ, үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр гачигдахгүй, юм юмаа хийхтэйгээ л болох байх. Тэгвэл урамшуулал хэлбэрээр малчдын гарт очих ёстой мөнгийг яах вэ, ирэх жилийн идэш хүртэл хадгалах уу. Ийм нэгэн асуулт ар араасаа хөвөрсөөр.
Ийнхүү Засгийн газраас гаргах 200 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал хожимдсон гэмшил болж хувираад байхад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт бас нэг “цэцэн” санал гаргаад бүр ч нэрмэлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болоход тэрээр “Сүүний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох чиглэлээр 100 тэрбум төгрөгийн бонд гаргая” гэдэг юм байна. Бас л арьс ширээ тушаасан малчинд урамшуулал олгохоор ярьж байгаатай агуулга нэг юм энд яваад байгаа хэрэг л дээ. Тэр нь сүүгээ сүүний үйлдвэрт тушаасан малчинд литр тутмаар нь бодож урамшуулал олгох тухай юм. Өдийд сааль сүүний цаг татарчихсан байдгийг хэн хүнгүй л мэднэ. Урамшуулал олгох боллоо гэдгийг дуулахаар хөхөө өвлийн хүйтнээр үнээ сүү орж, эзэддээ хэдэн зуун литр сүү өгнө л гэж байхгүй дэг. Харин энэхүү цаг үеэ олоогүй бондоос болж, хуурамч сүүний худалдаа газар авч мэдэх юм шүү.
Ингэхэд Засгийн газар ч, УИХ-ч цаг үеэсээ түрүүлж бонд гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол ирээдүй хойчдоо их л өр үлдээх шинжтэй. Юм л бол бонд гаргана гэнэ. Тэр нь дандаа цаг хугацааны хувьд оройтно. УИХ-ын хувьд үндэсний үйлдвэрлэл хийгээд малчдаа дэмжих бодлогын хүрээнд хоёр жилийн өмнө бонд гаргаж байлаа. Тодруулбал, ноос, ноолуурын салбар, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 50 орчим тэрбум төгрөгийг нь ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан малчинд нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгоход зарцуулахаар шийдвэрлэсэн. Цаг хугацааны хувьд бас л оройтож асуудал УИХ-д орж ирсэн юмдаг. Түүнээс болоод ч тэр үү, одоо хэр нь ноосны урамшууллын мөнгө парламентын төвшинд хэрүүл зарга үүсгэсэн хэвээр л байна. Ямарсайндаа л УИХ-ын гишүүн Су.Батболд “Ноосны урамшууллаа авч чадахгүй байна” гэж ирээд л саяхан чуулганы танхимд сайд Х.Баттулгатай тулна билээ. УИХ-ын гишүүдийг ч орон нутагт ажиллахад нь энэ тухай гомдол тасардаггүй гэсэн. Арга байж уу, ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгоно гэдэг сураг чимээ малчны хотонд хүрээгүй байхад УИХ-аас Засгийн газарт бонд гаргах эрх олгоод, эргээд малчид нь урамшуулал авъя гэтэл ноосыг нь үндэсний үйлдвэрүүд биш ченжүүд аль эрт хамаад явчихснаас жил дамнасан л хэрүүл үүсгэж байна. Тэгэхээр бог малын арьс тушаавал 5000 төгрөг, бод малын арьс тушаавал 15000 төгрөгийн урамшуулал олгоно гэх энэхүү 200 тэрбум төгрөгийн бонд дотор багцлагдсан урамшуулал ирэх жил ч хэрүүл дагуулж мэдэх юм шүү. Хожимдсон 200 тэрбумын бонд гэж нэрийдмээр юм.