Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дахин “нухна”

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дахин “нухна”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш үргэлжилж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай хэмээн үзэж, хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгчийг олон нийтэд тодорхой зарлана, хэрвээ өмчийн эзэн солигдвол түүнийгээ тухай бүрт нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил мэдээлнэ гэх зэрэг заалтууд тусгаад байгаа. Харин өнөөдөр тус байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх шатанд төсөл санаачлагчийн зүгээс энэхүү хуулийн төсөл дэх наймдугаар зүйлийн 1-3 хүртэлх заалтыг бүхэлд нь татан авах санал гаргасан нь гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм. Учир нь дээрх заалтад редакцийн эздээс хараат байх зарчим туссан байжээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Энэхүү хуулийн төсөл дэх наймдугаар заалтыг бүхэлд нь татан авснаараа төслийг цааш хэлэлцэх боломжгүй болголоо. Тэр заалтууд энэ хуулийн төслийн амин сүнс нь байсан юм” хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эздээс хараат байх ёстой гэсэн заалтыг яагаад татаж авав. Өдөр тутмын сонин, вэб сайтуудын эрхлэгч нараас гэсэн захидал өчигдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр гарсан байсан. Үнэндээ тэр чинь эздийн л захиа. Эзэд захиа бичингүүт энэ заалтыг авч байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзнээс хараат байна гэсэн заалтаа байхгүй болгож байна гэсэн үг. Ямар шалтгаанаар ийм алхам хийв” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Наймдугаар заалтыг татсанаараа хуулийн гол үзэл санаа алдагдсан гэж үзэхгүй байна” гэсэн тайлбар хийлээ.

Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхаар оруулж ирсэн нь буруу байна гэж сануулав. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн М.Батчимэг “Төр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байна гэсэн заалт оруулаагүй, үүнд алдаа гарлаа. Гол нь Засгийн газрын мэдэл дэх “Монцаме” агентлаг, УИХ-аас гаргадаг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг цэгцлэх шаардлагатай гэсэн зүйл яригдсанаас төр мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно гэсэн заалт оруулаагүй юм гэдгийг онцолсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд хандан ажлын хэсэг өчигдөр хуралдаад наймдугаар заалтыг бүхэлд нь татах тухай яриагүй, харин засч сайжруулах шаардлагатай тухайд ойлголцсон. Гэтэл төсөл санаачлагчийн зүгээс тэдгээр заалтыг шууд татах асуудлыг тавьж байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Сэтгүүлч нь өөрөө хөрөнгөө гаргаад, мэдээллийн агентлагтай болсон газар мэр сэр байна. Өөрөө хөрөнгө оруулагч төдийгүй өөрөө сэтгүүлчийн ажлаа давхар хийдэг. Ийм хэвлэл мэдээллийн байгууллагыг улстөрийн нөлөөнд автсан гэж үзэх нь цаанаа эрсдэл дагуулах аюултай байсан тул тэдгээр заалтыг татах санал гаргасан” гэлээ.

УИХ-ын даргын хувьд “Эзэд, редакци хоёр нэг болсон хэвлэл, мэдээллийн байгууллага олон байгаа. Хөрөнгө оруулагчийн хувьд үйл ажиллагаанд оролцохгүй байна гэж байхгүй. Тийм учраас энэ бүхнийг маш сайн судалж дахин нягтлах ёстой. Нөгөө талаас сэтгүүлч тухайн асуудлаар юм бичих гэж байгаа бол баримт нотолгоотой бичих, ядаж мэдээлэлд нь багтаж байгаа хүнээсээ тодруулж асуудлыг бичих ёстой. Ингээгүй тохиолдолд нь Хэвлэлийн консулд нь ханддаг байх гээд олон асуудлыг цэгцлэх ёстой гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа Засгийн газраас энэ чиглэлээр өргөн мэдүүлсэн төслөөс үүнд бас тодорхой хэмжээгээр зарим нэг заалтуудыг оруулахын зэрэгцээ холбогдох хуульд нийцүүлэх шаардлагатай байна гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Эцэстээ ажлын хэсэг муу ажилласнаас болж, хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж байгаа юм шиг зүйл ярьж байна. Үүнд ажлын хэсгийнхний ажил хамааралгүй, гагцхүү улстөрчдөөс хамааралтайгаар төслийн хэлэлцүүлэг хойшлуулж байгааг мэдэх ёстой шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагчдын 99 хувь нь шахам улстөрчид байгаа. Тэдний олонхи нь энэ УИХ-д байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч буюу эзэд, сэтгүүлчид, эрхлэгч нарыг тус тусад нь оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсны дараагаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн байр суурь ч илэрхийллээ.

Ингээд энэхүү хуулийн төслийг хэд хоногоор хойшлуулж байгаа нь тодорхойгүйгээр ямар ч байсан ажлын хэсэг дахин ажиллахаар боллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс жичид нь хэлэлцүүлгийн хугацааг хэд хоногоор хойшлуулахыг тодорхой болгох аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж