Санал хураалтыг ажлын өдөр явуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Санал хураалтыг ажлын өдөр явуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг ажлын өдөр байхаар зохицуулах шаардлагатай гэж үзэв. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр байна хэмээн заагаад байгаа. Харин Д.Дэмбэрэл гишүүн “Ажлын өдөр сонгуулийн санал авах өдрийг зохион байгуулах нь тэр дундаа хувийн хэвшлийнхэнд ажлаа цалгардуулах тал гарна. Нөгөө талдаа монголчууд 20 гаруй жилийн турш сонгууль хийхдээ амралтын өдрөөр саналыг нь авч ирсэн. Энэ дэг жаягаа мөрдөхөд буруудах зүйлгүй. Дээр нь монголчуудын амралтын өдөр багадаагүй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төрийн тэргүүнээ сонгох сонгуульд монголчууд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэр үүднээс авч үзвэл ажлын өдрийг амралтын болгон санал хураах өдрийг товлоход буруудах зүйлгүй. Тиймээс ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллыг будилуулах шаардлагагүй” гэж хэлж байлаа. Ингээд төсөлд тусгасан саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонхи дэмжсэнээр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн санал унав.

Мөн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны хугацаа 35 хоног байхаар тусгасныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хоёр өдрөөр сунгах хүсэлтэйгээ мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд сурталчилгааны хугацаа 37 хоног болно. Д.Лүндээжанцан гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь онгоц хөлөглөн нисээд байх боломжгүй. Гэтэл Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэгтэй. Нэр дэвшигч нь тэдгээрт нэг, нэг өдрөөр ажиллахад шууд 30 хоног шаардана. Мөн аймгийн хэмжээний 10 гаруй сум бий, тэдгээр сумдын сонгогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй уулзахыг бодно. Үүнд бас хугацаа шаардана. Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчид хоёр удаагийн халз мэтгэлцээнд оролцох ёстой, бэлтгэл хангахад бас л хоног шаардана.  Тиймээс энэ бүхнийг тооцож үзэхээр сурталчилгааны хугацааг хоёр өдрөөр сунгах зайлшгүй шаардлага байгаа” гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьд “Сурталчилгааны хугацааг аль болох богино байлгах ёстой. 21 хоног байсан ч болно, Ж.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн болдог бол долоо хоног байсан ч болно. Ер нь бид төрийн оролцоог багасгаж, зардал багатай цомхон сонгууль зохион байгуулахад 35 хоног их байгаа шүү” гэв. Дээрх тайлбарыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан саналаа татаж байгаагаа мэдэгдсэн тул энэ асуудлаар санал хураалгасангүй, ажлын хэсгийн санал хэвээр үлдлээ.

УИХ дахь МАН-ын гишүүдээс гаргасан гурав дахь санал нь автомат машинаар уншуулсан саналын хуудсын хяналтын тооллогыг гар аргаар суманд таван хэсгийн хороонд хийе гэж байлаа. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд техник технологийн дэвшлийг ашиглах ёстой байтал улам хойш ухарч, гар аргаар хяналтын тооллого хийх гэж оролдох нь өөрөө буруу алхам болно гэж үзэж байлаа. Эл асуудлыг тойрч хоёр тал нэлээд маргалдсаны эцэст ажлын хэсгээс оруулж ирсэн санал дэмжигдэж МАН-ын гишүүдийн санал унав. Ингэснээр дүүрэгт хоёр , суманд нэг хэсгийн хороонд хяналтын тооллого хийхээр болж үлдлээ.

Тус байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж