Оюутолгойн тендер анхаарал татаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойн тендер анхаарал татаж байна

Монголын уул уурхайд хөрөнгө оруулагч гадаадын томоохон компаниудын нэг бол Оюутолгой. Тэд өнгөрсөн хэдэн жилд уурхайн олборлолтын ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийсэн. Энэ хугацаанд Оюутолгойн ямар нэгэн ажилд хамрагдан орж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй монголчуудын цуваа тасраагүй. Уурхайд ханган нийлүүлэлт, барилгын ажил, хүнсний хангамж алиныг ч хийсэн Монголын жижиг дунд үйлдвэрийнхэнд дажгүй орлого олох найдвартай суваг учир бүгд л тийшээ шуурсан. Тус компани өмнө нь өөр харъяалал, эзэнтэй байх үед ийм ажил олж хийх тийм ч амар байгаагүй. “Айванхоу майнз” компанийн харъяалалд байх үед тэндээс тавигдсан канад захирлууд нь тус бүр өөрийн бизнесийг давхар эрхэлж жирийн монголчуудад хүртээлгүйгээр зохицуулж байв. Үүний нэг жишээнд Оюутолгойн уурхайд хүнсний лаазалсан ногоо нийлүүлэх ажлыг Францын компани авч тэд нар нь ОХУ-ын бизнесийнхэнд ацаглан оруулж ирдэг байсныг дурдаж болно. Мөн Монгол ажилчдыг бүртгэж ажил олгох ажлыг Канадын компани хариуцах жишээний. Өдгөө энэ явдал цэгцэрч шинэ эзэд болох “Рио”-гийнхон аль болох монголчуудад ажил олгохыг эрмэлзэж байгаа гэсэн. Засгийн газар ч олон түмний шахалт шаардлагаар тэдэнтэй гэрээ хийхдээ монгол бэлтгэн нийлүүлэгчдийг олноор хамруулахыг тусгаж өгсөн. Гэвч одоо хүртэл Оюутолгойгоос ажил хүртэх “аз” энгийн иргэдэд бус мэдээлэлд ойр, уул уурхайн салбарыг өмчилсөн хэдхэн томчуудын халаасанд л байсаар. Энгийн иргэд бол ажлын хувцас бээлий оёхоос хэтрэхгүй байна. Жинхэнэ том бизнесийг нь манай мөнгөнд нүдээ өгөхөөс буцахгүй болсон томчууд хятадуудтай нийлэн хамсаар байх бололтой. Хэвлэлд мэр сэр гарсан мэдээгээр бол “Моннис”-ийн тээврийн охин компани Хятадын “JAIU”-тай хамтран MCPL компани байгуулан Оюутолгойн хүдрийн тээвэрлэлтийн бизнесийг авч байгаа сурагтай. Үүнд мэдээж хэрэг төрийн өндөр албан тушаалтнууд “туслалцан” нөлөө үзүүлсэн нь тодорхой. 

Ийнхүү Оюутолгойн хамаг л ашигтай гэрээг эрх мэдэлд ойр, хөрөнгө чинээтэй хүмүүс дангаар авдаг явдал тийм ч амар зогсохгүй бололтой. Засгийн газартай хэл амаа ололцох арга зам хайж байгаа Оюутолгойн шинэ эзэд энэ байдалд анхаарал хандуулбал монголчуудад таалагдах л байх.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж