Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Далдын саарал хувцас

Үлгэрт
гардаг “далдын хар малгай” шиг хувцас надад байна. Энэ хувцасны ганц
дутагдал нь далдлах увидас нь өглөө оройн цагаар л үйлчилдэг юм. Учир
нь  миний өмсч байгаа хувцас саарал. Хүрэм, өмд, малгай гээд бүгд л үүл
шиг, үгүй ээ утаа шиг өнгөтэйд л хамаг учир оршиж байна. Өглөө ажилдаа
явах, орой харихад утаан дундаас ялгарч харагдахгүй намайг явган хүмүүс
хүртэл ирж мөргөчихөөд байх юм. Надад зам хөндлөн гарна гэсэн ойлголт
байхгүй. Яагаад гэвэл явган зорчигчид би харагдахгүй байгаа юм чинь
машинтай хүн бол шууд дайрна. Тиймээс аль болох хүний хөлөөс дөлж, зам
хөндлөн гарахгүй байхыг хичээж байна. Яагаад гэвэл миний сааралхан
хувцас хотын утаанаас ялгарч харагддаггүй юм.

Улсын маань
нийслэл утаан дундаа “хөгжин цэцэглэсээр”. Над мэтийн “далдын саарал
хувцас”-тай хүмүүс бэртэж гэмтчихэлгүй хавартай золгохын  төлөө
залбирахаас өөрийг чадахгүй л байна даа. Уг нь хар хувцас авчихвал
саарал утаан дундаас арай л ялгарч харагдмаар ч юм шиг. Түнэр харанхуй
гудамжинд утаан дундаа сэлж явахад ялгаагүй ч юм уу, яамаар ч юм бэ дээ.
Эсвэл бүр утаанаас, харанхуйгаас тод ялгарч харагдмаар фосфортой
хувцастай болдог ч юм билүү. 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж