
Мөн Хүүхдийн хорих ангид хоригдож байгаа нэг хүү ясны сүрьеэ өвчтэй болсон байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдах үеэрээ ясны сүрьеэ өвчтэй болжээ. Түүний хувьд ялаас нь чөлөөлөх шаардлага байгаа ч мөн л хуульд заасан заалтын дагуу боломжгүй аж. Энэ мэт хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газраас оролцож байгаа албан тушаалтнуудын тайлбараар бол Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар одоо хуулийн төслийг боловсруулж буй юм байна. Түүнд Хүүхдийн хорих ангийг байхгүй болгох гэнэ. Түүний оронд хаалттай сургууль бий болгож, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэг үйлдсэн бол түүнд сургаж төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлэх замаар нийгэмшүүлэхээр ял өгдөг хатуу бодлогоо өөрчлөхөөр болж буй аж. Мөн Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлбэл хүүхдээ 1 нас хүртэл нь асраад улмаар хүүхдээ Асран хүмүүжүүлэх төв юм уу эсвэл асран хамгаалагч нарт шилжүүлсний дараа ялаа үргэлжлүүлэн эдэлдэг байх заалтыг энэхүү шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд оруулаад байгаа тухай онцоллоо. Хэлэлцүүлэг ид үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын зүгээс нийт 17 байгууллагыг урьсан юм байна. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөгч ирсэнгүй, бусад байгууллагууд холбогдох төлөөлөгчид оролцож байна. Тодруулбал, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагуудаас тус бүр төлөөлөгч хүрэлцэн ирсэн байгаа юм.