Эван хар салхи Фижиг дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Эван хар салхи Фижиг дайрчээ

Самаог өнгөрсөн долоо хоногт дайрч, ихээхэн гамшиг дагуулсан Эван догшин хар салхи өчигдөр Өмнөд Номхон далайн Фижи улсыг ниргэжээ. Эван хар салхи Фижиг чиглэн 200 км/цагийн хурдтайгаар дайрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Фижигийн цаг уурын агентлагаас урьдчилан мэдээлсний дагуу Эван хар салхины гамшгаас сэргийлэхийн тулд арлын аврах албаныхан хар салхины чиглэл дэх нутгуудаас найман мянга гаруй хүнийг 137 түр хорогдох байрууд руу нүүлгэн шилжүүлж, онгоцны нислэгүүдийг цуцалжээ.  Фижид Эван хар салхины улмаас олон мянган айлын орон гэр, байшин барилга сүйдэж, гэрэл цахилгаан тасарсан байна. Мөн хар салхи ихээхэн хэмжээний аадар бороо дагуулснаас үерийн гамшиг учирч зам гүүрүүд усанд автан, эвдэрч сүйджээ. Эван хар салхинд Фижийн хоёр дахь том хот Лаутока голчлон өртөж, хамгийн их хохирол амссан аж. Фижигийн цаг уурын агентлагаас мэдээлсэнээр Эван хар салхины хүч цаашдаа суларч хар салхины зэрэглэлийн гуравдугаар түвшнээс бага зэрэг буурсан байдалтайгаар Фижин зүүн хэсгийн далайг чиглэсэн байна. Эван хар салхины гамшигт өртсөн Самао болон Фижи улсуудтай хөрш Австрали, Шинэ Зеланд улсууд хар салхины хохирлыг арилгахад туслахаа мэдэгджээ. Эван хар салхи нь Фижид сүүлийн 20 жилд болоогүй хүчтэй хар салхид тооцогдсон бол Самаод хар салхины улмаас таван хүн амь үрэгдэн, арван хүн ор сураггүй болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж