АНУ галт зэвсгийн тухай хуулийг эргэн харна

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

АНУ галт зэвсгийн тухай хуулийг эргэн харна

Зул сарын уур амьсгал хэдийнэ орсон энэ үед АНУ-ыг уй гашууд автуулаад буй аймшигт хэрэг өнгөрсөн баасан гаригт Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд гарсан. Ньютаун хотын Сэнди Хук сургуулийн 20 сурагч, өөр долоон хүний хамт Адам Ланза гэгч “солиотой” залуугийн барьсан галт зэвсгийн суманд өртөн амиа  алдсан. Үүний дараа АНУ даяар иргэд хохирогчдын төлөө гашуудахын сацуу “солиотой” залууд чөлөөтэй галт зэвсэг хэрэглэн хүний амь бүрэлгэх боломж бүрдүүлсэн галт зэвсгийн тухай хуулийг эргэн харахыг эрх баригчдаас идэвхитэйгээр шаардаж буй юм. Энэ нь АНУ-ын иргэд галт зэвсгийн тухай  хуулийг эргэн харж, өөрчлөхийг шаардсан анхны тохиолдол биш бөгөөд галт зэвсэг ашиглан олон тооны хүний амийг хомроглон хөнөөсөн хэрэг энэ онд нэг бус удаа гарчээ. Үүнээс дөнгөж зургаан сарын өмнө бас нэгэн “солиотой” залуу Колорадо мужийн Аврора хотын “Century 16” кинотеатрт “Batman” киноны нээлтийн үеэр үзэгчид рүү гал нээж, 12 хүний амийг хөнөөсөн. Үүний дараа хүмүүс галт зэвсгийн тухай хуулийг чангатгахыг идэвхитэй шаардсан ч эрх баригчид төдийлөн анхаарал хандуулалгүй тэгсгээд өнгөрүүлжээ. Мөн дээрх хэргүүдээс гадна Висконсин мужийн сикх шашны сүмийн итгэгчид рүү зэвсэглэсэн этгээд гал нээж зургаан хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан аж.

АНУ-д нэг жилийн дотор галт зэвсэг ашиглан олон хүний амийг хөнөөсөн хэрэг гурван ч удаа гарсан нь яахын аргагүй анхаарал татсан хэрэг. АНУ-ын иргэд үүнийг галт зэвсгийн тухай хууль сул байгаагаас хэн дуртай нь буу эзэмшиж, ашиглаж байгаатай холбон тайлбарлажээ. Түүнчлэн тэд дээрх гэмт этгээдүүд ямар шалтгаанаар хүмүүсийг хомроглон хөнөөсөн нь асуудал биш тэдэнд галт зэвсэг ашиглан гутамшигт санаагаа хэрэгжүүлэх боломж чөлөөтэй байгаа нь асуудал гэж үзэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид ч галт зэвсгийн тухай хуулийг чангатгах цаг болсныг хүлээн зөвшөөрч, хуулийг эргэн харах тухай мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сэнди Хук бага сургуульд очих үеэрээ “Бид дахин ийм аймшигт хэрэг гарахыг тэвчиж чадахгүй. Бид одоо үүнийг зогсоож, өөрчлөх ёстой” гэж мэдэгджээ. Мөн Баруун Виржина мужийн сенатор Жо Мэнчин MSNBC-д өгсөн ярилцлагадаа  “Галт зэвсгийн хяналт тавих нь бүх нийтийн анхаарал хандуулах асуудал. Тиймээс элдэв чамин үгс хэлэхээ болиод үүнийг шийдвэрлэхийн тулд бүгдээрээ суугаад энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэжээ. Харин Цагаан ордны  хэвлэлийн төлөөлөгч Жей Карни “Энэ бол цогц хариулт шаардсан цогц асуулт. Ганц хуулийн заалтыг өөрчилснөөр үүнийг шийдвэрлэж чадахгүй. Үүнийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Ерөнхийлөгч Барак Обама 2004 оныг хүртэл хэрэглэж байсан галт зэвсгийг хориглох тухай хуулийг эргүүлэн хэрэглэхийг дэмжиж байгаа тухай мэдэгджээ. Харин Калифорни мужийн сенатор Дайэнн Файнстайн “Ирэх Конгрессийн хуралдаанаар галт зэвсгийг хориглох тухай хуулийг авч хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг “Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс галт зэвсгийг журамлах тухай хуулийн хүрээнд хууль бус галт зэвсгийн наймаатай тэмцэх ажлыг сайжруулах, улс даяар галт зэвсгийн тооллого, судалгаа, бүртгэл явуулах, галт зэвсэг ашиглалтын хоригийг чангатгах талаарх асуудлыг авч хэлэлцэнэ” гэжээ. Аймшигт халдлага гарсан Ньютаун хотын иргэд хохирогчдын ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс Зул сарын баярт зориулан зассан хотын чимэглэлээ хурааж, гашуудал зарлаад байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж