“Дэлхийн эко аюулгүй оршихуй”-н шагнал хүртчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

“Дэлхийн эко аюулгүй оршихуй”-н шагнал хүртчээ

Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Олон улсын эко аюулгүй оршихуйн хамтын ажиллагааны байгууллагаас “Дэлхийн экологийн аюулгүй оршихуйн” шагналаар шагнажээ.  Үндэстнүүд өөрсдийн хөгжлийн хэтийн стратегидаа эко аюулгүй оршихуйн асуудлыг оруулж уялдуулахыг санал болгодог тус байгууллага 1992 онд үндэслэгдэн байна.

“Уур амьсгалийг хамгаалах нийгэмлэг” олон улсын байгууллагын санаачлагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Алберт Гор тус байгууллагын үзэл баримтлалыг онцлон тодорхойлж  “21-р зууны улс төрийн хамгийн ноцтой асуудал бол эко аюулгүй оршихуйн  болон нөөцийн аюулгүй байдлын асуудал мөн бөгөөд энэ байгууллага системээр нь барьж авсан байна” хэмээн хэлжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд асан М.Энхсайхан тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдсон байна. Экологийн уламжлалт онолуудын хязгаарлагдмал явцуу байдлыг эвдэж, хүний аж байдал, улс орны хөгжилд нөлөөлөгч аюултай хүчин зүйлсийг оролцуулсан эко аюулгүй оршихуйд төвлөрсөн онолыг шинжлэх ухааны салбар болгон томёолж, шинэ удирдахуйн менежментийг санал болгодог тус байгууллагаас “Эко аюулгүй оршихуйн үндсэн асуудлууд” нэртэй номыг монгол хэл дээр гаргасан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж