Инфляцийн эсрэг тэмцэл Замын-Үүдээс эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Инфляцийн эсрэг тэмцэл Замын-Үүдээс эхлэв

Манай улсад орж ирж буй нийт импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь Замын-Үүд боомтоор дамж­даг. Үүнээс гадна манай улсын экспортын бараа бүтээг­дэ­хүүн, олон улсын тээвэр зэргээс бүрдсэн их урс­галаас болж Замын-Үүд өртөөнд түгжрэл үүсч хугацаа алдах тохиолдол их гардаг байсан. Иймд өргөн хэрэглээний импортын ба­раа бүтээгдэхүүний өртгийг буу­руулах, инфляцийг тогтоон бари­хын тулд уг боомтоор дамжиж буй бүтээгдэхүүний эргэлтийг нэмэг­дүү­лэх, тээвэрлэлтийг түргэсгэх шаардлагатай байгаа. Тэгвэл Зам, тээв­рийн яам, Монголбанктай хамт­ран өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг буу­руу­лах дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Урьд нь Замын-Үүд боомтоор дамжиж буй импортын бараа бүтээгдэхүүн олон хоног саатснаас тээвэрлэлтийн зардал нэмэгдэж улмаар бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг байсан. Харин уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ний­лүүлэлт нэмэгдэн эрэлт буурч да­гаад бараа бү­тээгдэхүүний үнэ хямдрах бо­ломж­той болжээ. Манай сонины сурвалжлах хэсэг Зам тээврийн яам, Монголбанктай хамтран хэрэг­жүүлж буй хөтөлбөрийн хэ­рэг­жилтийн явц ямар байгааг газар дээрээс нь сурвалжилсан юм.  Хөтөлбөрийн эхний шатанд бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэ­мэгдүүлж хурдасгах зорилгоор өн­гөрсөн аравдугаар сарын 29-нөөс эхлэн Замын-Үүд Улаанбаатар хотын хооронд өдөрт хатуу графиктай хоёр галт тэрэг аялуулж эхэлсэн байна. Урьд нь энэ хооронд өдөрт 110 вагон ачаа тээвэрлэдэг байсан бөгөөд иргэд бараа бүтээгдэхүүнээ гурваас дөрвөн өдөр хүлээдэг байсан аж. Харин уг хөтөлбөр хэрэгжиж хатуу графиктай галт тэргийг аялуулах болсноор 180 вагон тээвэрлэдэг болж ачаа барааны эргэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Дээр нь уг галт тэрэг Улаанбаатар хотод 22 цагийн дотор ирдэг учраас удаан хугацаагаар хүлээх, галт тэрэгнээс болж саатах зэрэг хүндрэл арилсан гэнэ.

Хугацаа хэмнэж, нийлүүлэлтийг өсгөхийн тулд галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээс гадна шилжүүлэн ачих ажлыг эрчимжүүлэх шаард­лагатай байгаа. Тээвэрлэлтийн хугацаа алдаж байгаа гол шалт­гаануудын нэг нь шилжүүлэн ачих ажил. Одоогийн байдлаар Замын-Үүд өртөөнд шилжүүлэн ачих аж­лын дийлэнхийг ачигч нар нугалж байна. Иргэд бараа бүтээгдэхүүнээ зориулалтын сав, баглаа боодолтой тээвэрлэдэггүйгээс техник хэрэгслээр шилжүүлэн ачих боломж байдаггүй . Тиймээс заавал ачигч нар гараар зөөдөг. Хэрвээ орчин үеийн сав баглаа боодолтой болчихвол машин техникээр тээвэрлэхэд ямар ч саад гарахгүй.

Засгийн газраас шилжүүлэн ачих ангийг бүрэн автоматжуулахын тулд 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Замын-Үүдийн шилжүүлэн ачих паркийг шинэчилснээр бараа бү­тээгдэхүүний эргэлт улам нэмэгдэж эд ачааллын үед ч иргэд ямар нэгэн саадгүйгээр бараа бүтээгдэхүүнээ цагт нь хүлээн авдаг болох юм. Хэдийгээр шинэ жилийн баяр хаянд ирж бараа бүтээгдэхүүний урсгал мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ч ямар нэгэн асуудал гарахгүй байгаа аж. Мөн Замын-Үүд өртөөний жи­лийн оргил ачааллын үед зуны зургаа, долоодугаар сар. Энэ их ачааллыг саадгүй давахын тулд Зам, тээврийн яамнаас төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийн нэ­­мэгдүүлэхийн тулд 1000 вагон нэмж авахаар болсон аж. Энэ ажлыг хүрээнд хэдхэн хоногийн өмнө 600 вагон авах гэрээг баталгаажуулсан байна.  Мөн 20 зүтгүүрийг ч нэмж бай­гаа гэнэ. Өргөн хэрэглээний им­­пор­­тын бараа бүтээгдэхүүний өрт­­гийг бууруулах хөтөлбөрт зо­риу­лан Монголбанкнаас 303 тэрбум төг­рөгийн санхүүжилтийг бэлдээд бай­гаа аж. Эцсийн дүндээ уг хөтөлбөр хэ­рэгжснээр ард түмний нуруун дээр ирж буй үнийн дарамтыг багасгах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулахад чиглэгдэж байгаа. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгч байгаа юм.

Замын-Үүд өртөөний Шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандоржтой цөөн хором ярилцлаа.

-Замын-Үүд өртөөний шил­жүүлэх ачих анги ямар хүчин чадалтай ажил­лаж байна вэ?

Өдөрт 410 вагон ачих хүчин чадалтай. Одоогийн байдлаар өдөрт 180 вагон өргөн хэрэглээний барааг ачиж Улаанбаатар хот руу явуулж байна. Үүнээс 50 вагонтой хоёр 80 галт тэрэг хатуу цагийн хуваариар явж байгаа. Үлдсэн 80 вагон нь 3-4 галт тэргэнд хуваагдаад явдаг. Манай энэ талбай дээр ирсэн ачаа 12 цагийн до­тор галт тэргэндээ залгагдаад Улаан­баатар руу явж байна. Тиймээс ачаа бараа саатах, хүлээгдсэн зүйл алга.

-Өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ, өртгийг буу­руулахын тулд тээвэрлэлтийн зард­лыг бууруулах ёстой. Тээ­вэр­лэлттэй холбоотой зардлыг буу­руулахын тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнийг бууруулахын тулд тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулах шаардлагатай. Үүний тулд ачилт буулгалтын ажлыг бүхлээр нь машин механизм ашиглаж хиймээр байна. Мөн Замын-Үүдэд зогсож байгаа машинуудыг хурдан чөлөөлөх хэрэгтэй. Ер нь тээвэрлэлтийн үнэ, ачилт буулгалтын үнийг хямдруулах юм бол бүтээгдэхүүний үнэ дагаад буурна шүү дээ. 

-Замын-Үүдээс Улаанбаатар хүр­тэл нэг тонн ачааг ямар үнээр тээвэрлэж байна вэ?

-Ачааныхаа группээс хамаараад янз бүр байгаа. Дунджаар 800 мян­гаас нэг сая 200 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин ачилт, буул­галтын үнэ 160 мянгаас 200 мянган төгрөгт багтаж байна.

-Тээвэрлэлтийн зардлыг буу­руулж чадвал бүтээгдэхүүний үнэ ч буурна. Тэгэхээр тээвэрлэлтийн одоогийн зардлыг бууруулах ямар боломж байна вэ?

-Ер нь бол дээр хэлснээр вагоныг аль болох хурдан суллах хэрэгтэй. Вагон ашиглагдахгүй сул зогсоод байна гэдэг маань мөнгө урсаад л байна гэсэн үг шүү дээ. Тиймээс ва­гоныг хурдан суллахын тулд бүрэн автоматжуулмаар байна. Шинэч­лэ­лийн Засгийн газар парк шинэчлэлд зориулж хөрөнгө оруулалт хийхээр болсон. Үүгээр тоног төхөөрөмжөө шинэчилж, паркаа өргөсгөна. Одоо манайд ачилтын гурван талбай байна. Нэг нь дан чингэлэг ачдаг учраас өргөгч ашигладаг. Нөгөө хоёр талбайд нь ачигч нар л ажиллаж байна. Ачигч нэг тонн ачааг 3500 төгрөгөөр зөөдөг. Харин техник ашиглавал нэг тонн ачаар 2500 төгрөгөөр ачих боломжтой. Дээр нь хугацааг хэд дахин хэмнэнэ.

-Сав баглаа боодлыг стандарт­жуулах шаардлагатай байгаа гэ­сэн. Ингэснээр хугацааг хэр хэм­нэж байна вэ?

-Ачааг багцлаад баглаа боо­долтой болгочихвол нэг вагоныг 30 минутад л ачна. Баглаа боодолгүй жижиглэнгээрээ байвал ачигчид 4-5 цаг ачиж байна. Вагон аль болох богино хугацаанд зогсвол хүрэлцээтэй болно. Өөрөөр хэлбэл вагоны эргэлт нь нэмэгдэх юм. Тиймээс ачаа илгээгчийг ачаагаа аль болох сав баглаатай байлгахын хүсч байна. Зориулалтын сав баглаа боодолгүй болохоор машин техник ашиглах ямар ч боломжгүй.

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж