
Дуучин Робби Уильямс өнгөрсөн есдүгээр сард охинтой болсноос хойш гэр бүлсэг нэгэн болжээ. Тэрээр бяцхан охин Теодора Роузыг “Teddy” хэмээн өхөөрдөн дууддаг бөгөөд өдөржин охинтойгоо хамт байхыг хичээдэг гэнэ. Робби Уильямс өчигдөр эхнэр Айда Филд болон гурван сартай бяцхан охины хамтаар Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд ирсэн нь папараццид өртжээ. Робби Уильямс цэнхэр өнгийн жижиг, спорт цүнх үүрч, гэр бүлээ хамгаалах мэт явсан бол эхнэр Айда нь охиноо түрдэг тэргэнд хэвтүүлэн түрсээр онгоцны буудлаас гарч одсон аж.
Сонирхуулахад, Робби Уильямс аав болоод удаагүй байгаа ч дахин хүүхэдтэй болохыг хүсдэг болсон гэнэ. Энэ тухай нэгэн эх сурвалж “Робби аав болохосоо өмнө их хувиа хичээсэн нэгэн байсан. Харин “Teddy”-г төрсний дараа тэр их өөрчлөгдөж, маш сайн аав болохыг хичээх болсон. Түүгээр ч барахгүй Робби дахин нэг хүүхэдтэй болох юмсан гэж ярих болсон шүү” хэмээжээ.

Б.АНХТУЯА