Байрандаа орж чадаагүй байгаа иргэд тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Байрандаа орж чадаагүй байгаа иргэд тэмцэнэ гэв

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрөө өгсөн ч байрандаа орж чадаагүй хүмүүс өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Орон сууцтай болохыг хүссэн иргэд төрөөс зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авч, үлдсэн зөрүү мөнгийг урьдчилгаа хэлбэрээр төлж байна. Тэгвэл бичиг баримтаа бүрдүүлээд, урьдчилгаа төлбөрөө өгөөд, зээлд хамрагдах бүх боломж нь нээгдсэн ч төрөөс санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар байрандаа орж чадахгүй байгаа аж. Тиймээс тэдгээр иргэд энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад илгээхээр болсон гэлээ.
Энэ талаар БЗД-ийн иргэн Ш.Сүрэнжаваас тодрууллаа.

-Таны хувьд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, орон сууцтай болоход ямар бэрхшээл учраад байна вэ?

-Зөвхөн миний хувьд гэлтгүй, байр авахдаа төрөөс хөнгөлөлттэй хүүгээр тооцох 50 хүртэлх сая төгрөгийн зээл авч, зөрүү мөнгөө төлөх хэрэгтэй болж байгаа.  Энэ зөрүү мөнгөө төлөх гээд, барилгын компанитайгаа тохиролцож, урьдчилгаа төлбөрөө өгөхийн тулд одоо хөлсний байранд сууж байна. Гэтэл түрээсийн байрны сарын үнэ ямар байгаа билээ. Хүндхэн байна. Үнэнийг хэлэхэд, хамаг байгаа хөрөнгөө шавхаад өгчихсөн, одоо байр хөлслөөд явж байна шүү дээ.  Гэтэл захиалсан байрандаа орох гэхээр төрөөс санхүүжих мөнгө орж ирээгүй гэсэн шалтгаанаар гацчихаад байна.

-Байр авах захиалга, бичиг баримтаа хэзээ бүрдүүлж өгөөд, одоо хүртэл байраа аваагүй байгаа юм бэ?

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр нээлттэй болоод бүртгэж эхэлсэн цагаас нь хөөцөлдөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 15 сая төгрөг өгсөн. Зургадугаар сард бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн.

-Мөнгөө буцааж авъя гэдэг талаас нь судалж үзсэн үү?

-Үзсэн. Мэдээж хэрэг олон жил, сар дуншсан хэрэг яваандаа үнэгүйддэг шүү дээ. Энэ том хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ гэхээр үлгэр шиг зүйл болчих вий гэх айдас байгаа болохоор компаниасаа буцааж мөнгөө татаж авъя гэж хэлж үзсэн. Тэгэхэд компани маань байрны захиалгыг аваад ажлуудаа зохицуулсан учир мөнгөө татвал тушаасан мөнгөний 10 хувийн алданги тооцно гэсэн. Хэн ингэж хий дэмий хохирохыг хүсэх вэ дээ. Компаниуд хөтөлбөрийн 50 хүртэлх сая төгрөгийг л хүлээж байна шүү дээ.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд тэмцэнэ гэлээ. Хэрхэн тэмцэх вэ?

-Хамгийн эхэнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртөө хамрагдаж, байр авч чадахгүй байгаа хүмүүс нийлээд Ерөнхий сайдад асуудлыг шийдээд өгөөч гэсэн бичиг явуулна. Өвлийн тэсгим хүйтэн энэ үед байр, орон сууцны асуудлаар хохироод байгаа олон хүмүүсийн асуулт, хүсэлтэд нааштай хариу өгч, шийдвэрлэж өгч чадахгүй бол тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгоно. Эхлээд тайван жагсаал хийнэ, дараа нь өлсгөлөн ч зарлана гэж бодож байгаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж