Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Дахиад л буун дуу. Гэхдээ энэ буун дуу иргэний дайнтай Сири, алмаазны “хараал”-тай Судан, газрын маргаантай Газын зурвас, шашны хэт даврагсад болоод шашны урсгалаар хуваагдсан Афганистан, Иракад гарсангүй. АНУ-ын нэгэн бага сургуульд буун дуу гарлаа. Ерөөс буун дуу хадах учиргүй гэж болохуйц 6-10 насны хүүхэд сурдаг бага сургуульд. Коннектикут мужийн Ньютаун хотод байрлах Сенди Хүүкийн бага сургуульд болсон энэ хэрэг дэлхийг тэр чигт нь цочроов. Олон жил хуулийн цоорхой болж байсан буу эзэмших зөвшөөрлийн асуудал ч энэ удаад маш хүчтэй сөхөгдсөн юм. Гэхдээ 27 хүний амиар. Бүр тодруулбал 20 хүүхдийн амиар энэ хуулийн цоорхой бөглөгдөх хувьтай байж.
 
1927 оноос энэхүү аймшиг эхтэй. Магадгүй үүнээс өмнө нь сургуулиудад иймэрхүү аймшигт хэрэг гарч байсан байж болох ч түүхийн хуудсанд тэмдэглэгдсэн анхны халдлага чухам энэ л онд тэмдэглэгджээ. Эндрью Кахо гэгч фермерийн ажилтан Мичиганд байрлах дунд сургуульд халдаж 38 хүүхдийг 6 ажилтантай нь хамт хөнөөсөн байна. Угтаа дараа, дараагийн аймшигт хэргийн “шанг” Эндрью Кахо татсан гэж болно. Эдгээрээс хамгийн сүүлийнх нь бөгөөд үндэстнийг, дэлхийг бүх нийтээр нь эмгэнэлт автуулсан нь Сенди Хүүкийн бага сургуулийн хэрэг юм. Тоон утгаар илэрхийлбэл зөвхөн сургуульд болсон 68 дахь удаагийн аймшигт халдлага.

Солиорлын тэсрэлт

АНУ-д буу барин сургуульд орж, олон хүний амийг авах үзэгдэл 1982 оноос хойш жирийн үзэгдэл мэт болов. Эдгээр халдлагуудыг нягталж харвал ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үйлдсэн байдаг. Яахав 40, 35, 50 насны нас биед хүрсэн хүмүүс ажлаасаа халагдсан, эхнэртээ хаягдсан, орлого нь буурсан гэх шалтгаанаар сургууль руу халдлага хийдэг ч өсвөр насныхныг гүйцэхгүй билээ. Өсвөр насныханыг хэрэг үйлдсэнийх нь дараа тэр бүр удаан хориод байдаггүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд халдлага үйлдсэн өсвөр насныхны зөвхөн гурван хүнийг л бүх насаар нь шоронд хорих ял өгчээ. Бусад нь 6-10, 25-30 жилийн ял эдэлсэн байх жишээтэй. Гэхдээ энэ бүх тэсрэлт сэтгэлийн хямрал гэсэн нэг л шижимээр холбогдоно. Эдгээр өсвөр насныхан ангийнхандаа зодуулдаг, гэр бүлийнхэндээ тэр бүр тааламжтай харьцаатай байдаггүй, хэл ярианы хөгжил тааруу гэсэн оноштой байдаг ажээ. “Намайг олон жил шоолдог байсан хүүхдүүдээс би хариу авахыг хүссэн. Гэр бүлийнхэндээ ч би өөрийгөө харуулахыг хүссэн. Хэрэг үйлдэж байсан тэр үеийнхээ сэтгэл хөдлөлийг би одоо хүртэл мартдаггүй. Тэр үед л би өөрийгөө бүхнийг хийж чаддаг юм шигээр мэдэрсэн” гэж 1985 онд Канзасын Годардын дунд сургуульд халдлага үйлдэж 6 хүүхдийн амийг хөнөөсөн 14 настай Жеймс Кирби ийн ярьж байжээ. Кирби долоон жилийн дараа дахин суллагдсан ч 2001 онд дахин халдлага үйлдэх гэж завдсан ч “амжилт” ололгүй баригдсан юм.
 
1982-1992 оны хооронд болсон халдлагууд шоовдорлогдсон, ангийнхандаа дарамтлуулж өссөн хүүхдүүд байсан бол сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. 1992 оноос хойш гэр бүлийн тогтворгүй байдал, үеийнх нь хүүхдүүдийн зүгээс ирүүлдэг дарамт шахалтыг тэсэлгүй ийм хэрэг үйлдэх болжээ. АНУ-ын эрх баригчдын зүгээс болон үе, үеийн ерөнхийлөгчид үүнийг нийгмийн өвчин цаг ирэх бүр багасна гэж итгэдэг байсан ч хугацаа улирах бүр энэ байдал намжсангүй. Улам ихэссээр. Гэмт хэргийн сэдэлт, үйлдэж байгаа хэлбэр нь урьдынхаасаа аймаар болов. “Өсвөр нас гэдэг бол хамгийн эмзэг нас. Хүн болгон өөрөөс нь дөлж, би л болохгүй байна, бусад хүмүүс намайг тоохгүй байна гэсэн бодлыг тээж эхэлдэг. Нэг ёсондоо бие хүн болж нийгэмд орохын өмнөх үзэгдэл. Энэ цаг үед нь гэр бүлийнхэн нь үнэхээр хэрэгтэй байдаг. Харамсалтай нь манай нийгэм хүүхдийг хэтэрхий дураар нь төлөвшүүлэх гэж оролддогоос иймэрхүү хэрэг гарч байгаа юм. Гэр бүл нь өсвөр насныхаа хүүхдүүдэд анхаараад зааж, зөвлөж байвал аймшигт хэрэг гарах нь тодорхой хэмжээгээр багасна. Үүнийг ямар нэгэн аргаар өөрчлөх л хэрэгтэй” гэж Оклэндийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Нил Кристоф ярьжээ.

Анхаар, буу…

Галт зэвсгийг олгох үйл явцыг илүү нарийн чанд, тусгай эрхийн бичгийн дагуу олгодог болох тухай яригдаж эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгч ч галт зэвсгийн тухай хуулийг ч өөрчлөх боломжтой гэдгийг ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ дурьдсан. Үнэхээр зүйн хэрэг. 1968 онд нэгэн хууль батлагдсан нь Галт зэвсэг хяналтын тухай хууль. Уг хуулиар бол галт зэвсэгийг ямар нэгэн хүнд сурталгүйгээр, хаана ч зарж борлуулахыг зөвшөөрч, хяналтын бичигт нь ямар нэгэн цензургүй байхаар болжээ. Хэдийгээр хэрэгжиж эхэлж байхдаа шүүмжлэл дагуулж байсан ч хэдэн жилийн дараа нэгдсэн улс дасаж эхлэв. Харамсалтай нь үүнийг дагасан гэмт хэргүүд ар, араасаа гарах болжээ. Брүүклин дүүргийн гэмт хэргийн бүлэглэл, Хятад хорооллуудад гарах эмгэнэлт хэргүүдийн эхийг ч энэ хууль тавьчихсан гэж үздэг. Угтаа америк өвчний “амь тариа”-г энэ хууль өгчихсөн байж болох талтай. Статистик хөтлөлтөөр тэргүүлдэг АНУ 1968 оноос хойш галт зэвсгээр үйлдэгдсэн хэргийн тоо хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 30 гаруй хувиар өссөн болохыг баталдаг. Гэхдээ яагаад үүнийг амархан цуцалчихаж болохгүй байгаа юм бэ? энэ бол нөгөөх л улстөрийн ашиг, сонирхолтой холбон ойлгож болох юм. Хэрвээ үүнийг ямар нэгэн хэмжээгээр буулгачихвал залуучуудын сонгуульд оролцох идэвхийг дээшлүүлэх, нөгөө талаар сонгуулийн санал авах гэсэн нэг оролдлого. 1985 онд Рональд Рейганы засаглалын үед энэ талаар яригдаж, олон нийтийн дунд мэтгэлцээн өрнөж байсан ч амархан цуцалсангүй. Харин 1993 онд “эцэг” Бушийн үед ч энэ талаар яригдаж байсан  ч  “Галт зэвсэг ашиглан үйлдэгдэх хүчирхийллийг багас тухай акт” гэгчийг баталж, амыг нь таглаад өнгөрсөн юм. Хэдийгээр нэршил нь гоё сонсогдож байж болох ч бодит байдал арай өөр байсан билээ. Тэрээр өмнөх хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй ч хянах үйл ажиллагааг сайн дурынхан болоод цагдаагийн байгууллагуудад даатгаж орхисон нь бас нэгэн алдаа нь байсан юм. Үүнээс хойшхи гурван ч ерөнхийлөгчийн үед галт зэвсгийн хяналтын тухай ярьдаг ч “Одоо цаг нь биш” гэснээр бүгд замхардаг байв.

Яг одоо л цаг нь…

Цаг хугацааг ухраагаад 1996 онд Тасманийн Порт-Артур хот руу очъё. Аялаж байсан жуулчид руу нэгэн этгээд гал нээжээ. 90 секундын хугацаанд өрнөсөн энэхүү аймшигт хэргийн золиосонд 20 хүн нас барж, нутгийн иргэд болоод зарим жуулчид шархадсан билээ. Хэт даврагсад, үндсэрхэг үзэлтнүүдээрээ тэр бүр зартай биш энэ улсад нэгэн этгээд цэргийн агуулахаас 223 хагас автомат “Bushmaster” бууг хулгайлж гэмт хэргээ үйлджээ. Харин энэ явдалаас хойш 16 жилийн дараа АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод энэ хэрэг гарав. Хэрэг болсон газар нь бага сургууль. Хохирогчийн тоо 28. Нас барсан хүүхдийн тоо 20. Цаашдаа ч өсөх магадлалтай. Хэрэг үйлдсэн 20 настай Адам Ланза гэгч яг энэ төрлийн хагас автомат нэг буу, Глок, Сиг Сойр маркийн хоёр гар буугаар аймшигт хэргээ үйлджээ. Тэр хаанаас үүнийг олов. Түүний ээж галт зэвсэг цуглуулдаг байсан болохоор ядаад байх юм огт үгүй. Цуглуулганаас нь энэ буунуудыг аваад хэдхэн метрийн цаана байх сургууль руу дайрч, ээжтэйгээ хамт эдгээр хүүхдүүдийг хөнөөжээ. Гэхдээ үүнд нэг санах ёстой зүйл бий. Бага сургуулийн багшаар ажилладаг байсан түүний ээж чухамхүү яагаад буу цуглуулах болов. Цагдаа нар түүний гэрийг шалгахад багахан зэвсгийн дэлгүүрийн дайтай буунуудыг олж илрүүлжээ. Мөн тэрээр сэтгэцийн гүн хямрал гэсэн оноштойгоор сүүлийн 5 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтад байсан байна. Хамгийн гол нь түүний аав, ээж хоёр салаад удаагүй байсан аж. Эмнэлгийн шинж чанартай тодорхойлолтуудаа орхие. Аймшигт явдалын дараа Коннектикут муж “Галт зэсвгийн хяналтын тухай хуулиа өөрчилж олгох асуудлыг цэгцлэн, өмнөх жилүүдэд галт зэвсэг худалдаж авсан айлуудыг бүртгэх ажлыг эхлүүлэхээ амлалаа. Удалгүй Барак Обама ч ойрын хугацаанд энэ хуулийг шинэчлэхээ амласан юм. Харин цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Одоо цаг нь биш” гэсэн үгээр сэтгүүлчдийн амыг таглаж эхлэв. Яг одоо АНУ-ын иргэд “Яг одоо л цаг нь” гэсэн үгсийг цаасан дээр барин хэрэг болсон газар зогсоцгоож байна.

Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр 28 хүн амь насаа алджээ. Нас барсан хүүхдийн ар гэрийнхэнд тодорхой хэмжээний туслалцаа үзүүлэхийг Барак Обама, Коннектикутын амбан захирагчид үүрэг болгосон. Галт зэвсгийн хяналтын хуулийг шинэчлэх ажил ирэх оноос ажил хэрэг болохоор болсон. Гэхдээ 20 хүүхдийн амь насаар АНУ, цочроо авлаа. Галт зэвсгийн хуулиараа АНУ-тай адил болохыг эрмэлзэж байсан Австрали улс ч энэ хуулиа эргэн харахаар боллоо.
Зул сарын өмнөх хар дарсан зүүд АНУ-д одоо ч үргэлжилсээр…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж