Бондын өрийг хэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Бондын өрийг хэн төлөх вэ?

Монголд ямар нэгэн төсөл боловсруулж, шүүж шалгаруулж, шийдэлд хүрэхэд ямар хугацаа хэрэгтэй байдаг вэ? Энд мэдээж хамгийн гол нь хамгийн чухал гээд байгаа бүтээн байгуулалтын төслөө ч бүдүүн тоймоор гаргах гэж тав зургаан жил болдог төрийн албаныхны “хурд”-ыг асууж байгаа хэрэг шүү дээ. Төдийгөөс өдий хүртэл мөн ч олон төсөл яригдаж, одоо хэр нь шийдлээ гаргаж чадахгүй байгаа олон жишээг дурдаж болох байх.  Бүр засгийн эрх баригч нь, эсвэл бүр хариуцаж байсан сайд, албан тушаалтан нь өөрчлөхөд төсөл нь тэр чигээрээ нуран унаж сүйрэн алга болдог жишээ ч бий шүү дээ.

Харин энэ удаад төрийн албаныхны “хурд хүч”-ийг дахин сануулах гэсний учир бол эрх баригчдын амаа олохгүй магтаж, гавьяа байгуулсан баатар мэт өмнөө барьж байгаа Чингис бондын хувь заяатай холбоотой эргэлзээ тээнэгэлзэл байгаагийнх. Чингис бондоор хөрөнгө босгож чадав хэмээн зарлаж байгаа “гавьяат”-нуудын хувьд хөрөнгийг эдийн засаг, улс орны хөгжилд онцгой хувь нэмэртэй, үр ашгаа дээд зэргээр өгч чадах төслүүдэд зарцуулна гэж байгаа. Араас нь бас төмөр замын төсөл, цахилгааны тавдугаар эх үүсвэрийг бий болгох, нүүрс, нефтийг боловсруулж дотооддоо шатахуун үйлдвэрлэх төсөл, металлургийн үйлдвэр байгуулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслүүд гээд үнэхээр онцгой ач холбогдолтой баймаар төслүүдэд уг мөнгийг зарцуулах болно гэж мэдэгдэж байгаа. Чихэр шиг сайхан сонсогдож байгаа биз. Гэвч тэр төслүүдийн техник, эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/, судалгаа өөрөөр хэлбэл жинхэнэ нарийвчилсан төсөл нь хаана байна вэ гэж дахиад асуумаар байна. Олон жил яригдаж байгаа Сайншандыг дайруулан тавих төмөр замын төслийн ТЭЗҮ л лав одоо хүртэл бэлэн болоогүй. Бэлэн болсон байлаа гэхэд ажлаа эхэлтэл дор хаяж зургаан сарын хугацаа шаардлагатай, тодруулбал зөвхөн “цаасан” дээр ажиллах ажилд нь. Чингэж цаасаа бэлтгэж байтал газар шорооны ажил эхлэх буюу Монголд богинохон байдаг бүтээн байгуулалтын улирал дуусч, хөр цасны улирал эхлэх магадлалтай гэсэн бараан таамаглал ч байгаа. Цаашилбал, мөн л олон жил яригдсан тавдугаар цахилгаан станцынхаа барилга барих газрыг шийдчихвэл бас ч гэж ажил урагшлах магадлалтай гэж байгаа ч шатахуун үйлдвэрлэх, металлургын үйлдвэр гэх мэт төслүүд өнөөхөндөө үлгэрийн мөрөөдөл гэмээр л байдалтай байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй байх.

Хэсэг мундаг нь ажил хийх гээд, үйлээ үзэж байж хөрөнгө оруулалтаа эхлэх гэтэл шүүмжилж, харлуулах л гэж байна гэж бүү гомдоорой. Энд дахиад л төсөл боловсруулж ажилдаа ороход Монголын төрийн албаныханд хэдүйхэн хугацаа шаарддагийг дахин сануулах л гэсэн юм. Дээрээс бас зарим нэг сайд нь таван яамнаас гаргаж ирсэн төслүүдийг шүүж, хамгийн хэрэгтэй ашигтайг нь сонгон санхүүжүүлнэ гэсэн зүйл ярьж байна лээ. Энэ бол бүр ямар төсөл санхүүжүүлэхээ ч мэдэхгүй, ажил нь “тэг” цэгээс эхлэх юм байна гэсэн хардлага төрүүлж, урам хугарам үг.  Гэтэл бонд Монголбанкны дансанд орж ирсэн цагаас эхлээд буюу арванхоёрдугаар сарын 6-наас хүү тоологдоод эхэлсэн.  Түүнээс цааш төслөө шүүн шалгаруулж, ажлаа эхлэх хүртэл хэдэн хоног магадгүй хэдэн сарын хугацаа шаардлагатай бол гэсэн асуултыг бондын нэг өдрийн хүүгээр үржүүлээд үзэх хэрэгтэй байх. Ядахдаа л өнөөдөр буюу бондын хүүг төлж эхэлснээс хойш ердөө л 11 хоногийн дотор хэдэн мянган ам.долларын өрийн хүү нэгэнт “торниод” байгааг та бүхэн дахин тооцоолоод үзнэ биз. 

Уг бондын зөвхөн хүү нь жилд 70 орчим сая ам.доллар, арван жилийн дараа буюу өрөө төлж дуусах хүртэл нэг тэрбум ам.доллар болох бөгөөд зөвхөн хүүд нь өдөр бүр 120-130 мянган ам.доллар урсаад эхэлчихсэн байгаа билээ. 

Одоогийн эрх баригчдын баяртайгаар танилцуулснаар бол 1,5 тэрбумын бондын 500 сая ам.долларыг хүүг нь жилд хоёр удаа төлж, нийт 500 саяаа 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондыг 2023 онд төлж дуусгах ёстой. Энэ бол тэнгэрээс буусан олз бус цаг, минут тутамд хүү нь урсаж байгаа өр гэдгийг хэн хүнгүй санаж байх учиртай. Тэр тусмаа хөрөнгө босгов хэмээн баярлаж байгаа өнөөгийн Засгийн газрынхан ч мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Харин яг одоогийн дүр зургаар бол мөнгө босгосон баатрууд л гэж өөрсдийгөө цоллохоос бус хэрхэн түүнийг үр ашигтай зарцуулж, нэг ам.доллараа хоёр ам.доллар болгох ёстой вэ гэдэгтээ нэг их анхаарал хандуулахгүй байх шиг?

Эцэст нь бондыг төлөх хугацааг дахиад сануулья. Эхний 500 сая ам.доллар 2018 он, дараагийнх нь энэ Засгийн газрын хувьд бүр ч хол санагдах 2023 он. Эхний өрөө төлөхөд энэ Засгийн газар өөрчлөгдсөн байх магадлалтай. Цаашилбал 2023 он гэхэд Магадгүй өнөөгийн гавьяатнууд хийгээд парламентын гишүүдийн олонх нь “үс” ч үгүй болчихсон байж ч болох. Тэгэхэд хэн нэг нь өнөөдөр “Халамжийн бодлогыг хавтгайруулсан нь өмнөх эрх баригчдын үлдээсэн лай. Үйлийн лайг нь өнөөдөр бид үүрч байна” гэж байгаа шиг уруулаа өмөлзүүлээд сууж байх вий. Эсвэл бүр 2012.12.21-нд дэлхий сөнөчихөж магадгүй гэж бодоод байгаа юм биш биз, бурхан минь.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж