Шүлхий өвчин биш болох нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчин биш болох нь тогтоогдлоо

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сүхбаатар сумын нутаг Буян-Овоо хэмээх газар нутаглаж байсан малчин Г-ийн 12 хонинд илэрсэн доголыг шүлхий өвчин байж магадгүй хэмээн  дуудлага өгсний дагуу өвчний сэжиг илэрсэн малаас дээж авч нийслэл рүү явуулсан. Шинжилгээний хариу өчигдөр 16:00 цагийн үед ирлээ.

Тухайн үед Дорнод аймагт ажиллаж байсан УМЭАЦТЛ-ийн ерөнхий эмч хоёр дахь удаагийн шинжилгээг өвчний шинж илэрсэн хониноос цус болон багалзуурын салстаас дээж авч энэ сарын 2-ны өдөр нийслэлд хүргэжээ. Шинжилгээний хариу юу гэж гарсан бол гэсэн айдас албаныхан болоод ард иргэдийг хэд хоног дэнслүүлсэн гэхэд хилсдэхгүй ээ.  Хоёр удаа дээж авч шинжилсэний эцэст шүлхий өвчин биш гэдгийг нотолсон хариу өчигдөр аймгийн Онцгой комисст ирлээ.

Шүлхийн сэжигтэй дуудлагын дагуу УМЭАЦТЛ-т ирсэн эмгэгт материал ийлдэс салсанд ДМАЭМБ-ын зөвлөмж болгосон аргачлалын дагуу шинжилгээ хийснээр шүлхийн халдвар биш болохыг тогтоосон байна
Шүлхий өвчин биш болох нь нэгэнт тогтоогдсон учир тухайн газар тогтоосон хөл хориог цуцалж, доголсон малыг сүрэгт нь буцаан нийлүүлжээ. Шүлхий өвчин манайхтай хил залгаа ОХУ болон бусад оронд дэгдээд байгаа тул малынхаа эрүүл ахуйд анхаарч, үзлэг тандалтыг байнга хийж байхыг малчид, иргэдэд аймгийн Онцгой комисоос анхааруулж байна.
Ямартай ч шүлхий өвчин дахин дэгдсэнгүй. Гэхдээ халдварт өвчин хэзээ л бол хэзээ та бидний хаалгыг тогшиж магадгүй учраас ялангуяа малчдын хувьд мал сүргийнхээ эрүүл ахуйд анхаарал тавьж, сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй болов уу.

Д.Улаанаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж