
Сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх номоо орчуулан бэлэн болгосон ч ивээн тэтгэгч олдохгүй хоёр гурван жил болжээ. Харин “Тэнгис” кино театр хамт олон долоон жилийнхээ ойгоор энэхүү бүтээлийг ивээн тэтгэхээр болжээ. Монголын кино хөгжих, эс хөгжих тухай яригдаж байгаа энэ үед сайн кино зохиол гэдэг бол хамгийн чухал зүйл юм.
Номын эхний хуудсанд “Кино хийхэд хэрэгтэй гурван зүйлийн тухай нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” гэж бичжээ. Тэгвэл монгол залуусын хувьд кино зохиолыг яаж бичих вэ гэдэг асуулт гарч ирж байж болох. Харин энэнхүү ном нь хэрхэн Холливудын аргаар кино бичих тухай гарын авлага болох юм. Номонд бидний амьдралд ойр, сайн мэдэх “Титаник”, “Матрикс”, “Бөгжний эзэн” зэрэг бүтээлүүдийг жишээ болгон авсан.
Мөн номонд бичсэн киногоо Холливудад хэрхэн худалдах талаар мэдээллүүд болон харилцах вэб сайтуудыг хавсаргасан байна. Кино найруулагч Д.Төрмөнх “Монголын кино бүтээгчид энэхүү бүтээлтэй танилцсанаар маш сайн зохиол бичин англи хэл дээр орчуулан Холливуд руу өгөх хаалга нээгдэж байгаад би баяртай байна” хэмээн хэлсэн юм. “Кино зохиолчдын библи” ном өнөөдрөөс бүх номын дэлгүүрүүдээр 30 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ.