“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Улаанбаатар” төслөөр орон сууцны иж бүрэн 17 хороолол, гэр хорооллыг барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин төлөвлөх төслүүд, аймагт бүрт барих 1000 айлын орон сууц, төмөр зам, хатуу хучилттай автозамын төслүүд, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах 100 мянган оршин суугчтай суурин, усан болон дулааны цахилгаан станц зэрэг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2016 он гэхэд Монгол Улс барилгын материалынхаа 70-аас дээш хувийг үндэсний үйлдэрлэлээрээ хангах боломжтой болно гэж Засгийн газар үзэж байна.
Мөн Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний хүрээнд шаардлагатай хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллага явуулах Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 7, Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажлын албаныхыг 3, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх болон Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тус бүр 1 байхаар тус тус тогтоолоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай , Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
- УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
- Олон улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах асуудлыг авч хэлэлцэж, мэргэжлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий олон улсын Засгийн газар хоорондын байгуулллага-Жин ба Хэмжүүрийн Ерөнхий бага хуралд Монгол Улс сурвалжлагч гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзэж, тус байгууллагад элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгалаа.
- Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод Базаргарьдын Болд, Улаан-Үдэд Цэрэндоржийн Ганболд, БНХАУ-ын Хөххотод Баттөмөрийн Бямбадорж, Гонконгт Цогсүрэнгийн Ганболд, Япон улсын Осака хотод Чонойн Куланда нарыг эдгээр хотод суух ерөнхий консулаар тус тус томиллоо.
- Монгол Улсын Засгийн газар ба Япон Улсын Засгийн газар хооронд байгуулах “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд олголоо.
- Газрын тосны газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэнг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.