Энэ онд 67 сая төгрөгийн үзмэр худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Энэ онд 67 сая төгрөгийн үзмэр худалдан авчээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж буй юм. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тавьсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, соёлын өвийг хамгаалах тал дээр зохион байгуулж байгаа арга хэмжээний талаарх асуулга”-ын хариуг сонсч буй юм.

Улсын хэмжээнд 300 гаруй хүн чулуу байдаг аж, гэвч түүнийгээ сурталчлах, хайрлаж хамгаалах талд учир дутагдалтай явж иржээ. Одоо энэхүү арга барилыг өөрчлөхийн тулд иргэддээ үнэ цэнэтэй зүйлээ ойлгуулж хэлж таниулах ажиллагааг Соёлын яамнаас зохион байгуулж эхэлсэн байна. Гол нь орон нутгийн төвшинд иргэдийн оролцоотойгоор хамгаалахыг зорьж буй тухай салбарынх нь сайд онцоллоо. Мөн дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд музейд худалдан авч байгаа үзмэрт хэдэн төгрөг улсаас зарцуулдаг тухайд сонирхлоо. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтний тайлбараар бол 2011 оноос өмнө музей бүр жилдээ тав хүртэлх сая төгрөгт багтаан үзмэр худалдан авдаг байсан. Гэвч зарим нэг музей чанарын шаардлага хангахгүй үзмэр худалдан авсан тохиолдол гарсан тул энэхүү тогтолцоог өөрчилсөн. 2011 оноос 300 сая төгрөгт багтаан үзмэр худалдан авах шийдвэр гарсан. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтаар хийж эхэлсэн. Энэ оны хувьд 67 сая төгрөгийн үзмэр худалдан аваад байгаа, удахгүй үлдэж байгаа хөрөнгөндөө багтаан үзмэр авна.

Шинэчлэн оруулж ирэх хуулийн төсөлд  музейд үзмэр худалдан авах ажлыг ил тод зохион байгуулна, дараа нь худалдан авсан үзмэрээрээ үзэсгэлэн гаргах тухай заалт оруулахаар төслийг боловсруулж байна гэх мэдээлэл өглөө.

Ер нь уул уурхайн олборлолттой холбоотойгоор орон нутагт булш бунхан хөндөгдөх асуудал багагүй гарах болсон аж. Тиймээс булш бунхны ойролцоо зориулалтын багаж хэрэгсэлтэйгээр явж байгаа хэнийг ч болов байцаах эрхтэйгээр хууль боловсруулж эхэлсэн. Мөн Монгол орны хэмжээнд динозаврын олдвор нэлээд түгээмэл учраас Палентологийн тусгай хамгаалалттай газартай болох асуудлыг жич тавихаар болж буй тухай мэдээллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж