НАТО-гийн баазад амиа золиослогч халдав

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

НАТО-гийн баазад амиа золиослогч халдав

Афганистаны өмнөд нутгийн Кандагар хот дахь НАТО-гийн агаарын хүчний баазад исламын дайчдын амиа золиослогч довтолжээ. Энэ аллагын улмаас нэг америк цэрэг, хоёр афган иргэн алагдсан гэж Agence France-Presse мэдээлсэн байна.
 
Үүний зэрэгцээ, энгийн 17 афган, нэг афган цэрэг шархадсан гэнэ. Амиа золиослогч тэсрэх төхөөрөмжтэй машиныг жолоодож, баазын ойролцоо дэлбэлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта уг баазад ирээд явсны дараа хэрэг гарсан гарсан боловч дээрх хэргийг сайдын айлчлалтай холбоогүй гэж яамны төлөөлөгч мэдэгдэв.

Дэлбэрэлтийн хариуцлагыг “Талибан”-ы дайчид хүлээсэн бөгөөд Agence France-Presse агентлагт тус хөдөлгөөний төлөөлөгч энэ талаар мэдээлжээ. Өмнө нь арванхоёрдугаар сарын 2-нд талибууд Жалалабад хотын цэргийн нисэх баазад довтлон 12 хүнийг хөнөөсний дотор олон улсын хүчний хэд хэдэн цэрэг байсан юм. Хожим НАТО баазад довтолсон этгээдүүдийг бүгдийг нь устгасан гэсэн мэдээлэл гарсан.

АНУ Афганистанаас цэргээ гаргах асуудлыг нэгэнт шийдсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу 2014 оны эцэс гэхэд Америкийн цэрэг Афганистаныг орхисон байх ёстой. Гэхдээ “Аль-Каида” идэвхжиж байгаа учраас цэргийн зарим анги нэгтгэлийг тэнд үлдээж магадгүйг Леон Панетта хэлсэн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж