Н.Түвшинбаяр хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр хагас шигшээд шалгарлаа

Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, харин эмэгтэйчүүдийн 70, -78 болон +78 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Монголын баг тамирчдаас эдгээр жинд Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ болон Д.Цэрэнханд /+78 кг/ нар барилдаж байна.

Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн -100 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар хагас шигшээ барилдаанд шалгараад байна. Өөрөөр хэлбэл, одоо мөнгөн медалийн төлөө барилдах бөгөөд ялбал тивийн аваргын төлөө, ялагдвал хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. Харин +100 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Н.Батсуурь дагах барилдаанд зодоглож ялснаар хүрэл медалийн төлөө Тажикистаны бөх Абубакр Рахмановтой барилдахаар болжээ.

Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд D хэсэгт сугалаа татсан. Эхний тойргийн барилдаанд хийлсэн тэрбээр Хятадын жүдоч Юань Жинлинг цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Одоо Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Хван Хи-Тэтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн хувьд 70 кг-д Ц.Наранжаргал мөн л эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Казахстаны Мариян Урдабаеваг цэвэр ялж, хэсгийн аварга болжээ. Хагас шигшээд хүч үзэх түүний өрсөлдөгч нь БНСУ-ын Хван Е-Сүл юм. Харин ОУХМ П.Лхамдэгд -78 кг-ын жинд С хэсэгт таарчээ. Эхний тойрогт хийлж, дараа нь Туркменистаны бөх Насиба Суркиеваг цэвэр ялсан тэрбээр мөнгөн медалийн төлөө Казахстаны жүдоч Галия Улментаеватай барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Гавьяат тамирчин Д.Цэрэнханд эхний тойрогт Казахстаны бөх Гулжан Иссановаг вазари үнэлгээгээр ялж, одоо хэсгийн аваргын төлөө Японы Мегуми Тачимототой барилдахаар болоод байна.

Мөн өнөөдөр Азийн аваргын татамид зодоглосон Г.Түвшинжаргал 81 кг-д Сирийн бөхийг ялж, Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 90 кг-ын жинд Э.Энхбат Катарын бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны Тимур Болатад цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодогложээ. Харамсалтай нь, дагах барилдаанд Хятадын бөх Жен Зижаод хоёр юүкогоор ялагдаж, медалийн төлөө барилдах боломжгүй болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж