Уго Чавес “залгамжлагчаа” нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Уго Чавес “залгамжлагчаа” нэрлэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр Кубад хорт хавдрын мэс засалд орохдоо  цус их алдсан ч бие нь тэнхэрч байгаа гэж Харилцаа холбооны сайд нь мэдэгджээ.

Түүний хэлж буйгаар ерөнхийлөгч мэс заслын дараа бүрэн тэнхрэхийн тулд гам сайн барих зайлшгүй шаардлагатай гэнэ. Венесуэлийн Ерөнхийлөгч өнгөрсөн оноос хойш тав дахь удаагаа мэс засал хийлгэж байгаа нь энэ юм. Харилцаа холбооны сайд нь мэдэгдлийнхээ үеэр Венесуэльчүүдээс ерөнхийлөгчийн эрүүл мэндийн төлөө залбирахыг хүссэн гэнэ.

Уго Чавес өнгөрсөн аравдугаар сард болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдэх удаагаа сонгогдож, ирэх зургаан жилд тус улсыг удирдахаар болсон билээ. Гэвч хорт хавдраар хүнд өвчилсөн Уго Чавес эрүүл мэндийнхээ байдлаас болж өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол өөрийн оронд дэд ерөнхийлөгч Николас Мадурог сонгохыг ард түмнээсээ хүсчээ.  Уго Чавесын ойрын зөвлөхүүдийн нэг Николас Мадуро дэд ерөнхийлөгч болохоосоо өмнө автобусны жолооч байжээ. Венесуэлийн Үндсэн хуульд ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ эхний дөрвөн жилд албан тушаалаа өгч, 30 хоногийн дотор дахин сонгууль явуулах тухай заасан байдаг аж. Уго Чавес 2011 оны зургадугаар сард хорт хавдартай нь оношлогдсон юм. Гэвч сүүлийн долоо хоногт өвчин ужгирч, бие нь илт дордсоноос Уго Чавес телевизээр мэдэгдэл хийж, эрүүл мэнд нь муу байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр "Эрсдэл их бий.  Үүнийг үгүйсгээд яахав” хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж