Уруудах уу, өөдлөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Уруудах уу, өөдлөх үү?

Уруудаж өөдлөх нь байгалийн жам гэж үү. Заяа нь л тэр байж гэсэн тайлбаруудаар алдаа оноогоо дүгнэсээр. Хувь заяанд итгэх, байгалийн хуулинд найдах нь мухар сүсэгт автагдсаны шинж. Яагаад хувь заяа яриад байна вэ гэхээр улс орны амьдралыг авч явах хариуцлагатай улс төрчид хувь заяандаа найдан гар хумхин зүгээр залхууран сууж байна. Бас ард түмнийг хувь заяанд нь даатган орхисон нь даан ч эмгэнэлтэй.

Хувь заяанд найдагчдын сонгодог жишээ бол МАН. Нэгэн зууны түүхийг бүтээж, Монгол орныг хөгжил дэвшил рүү хөтлөн ирсэн түүхэн, туршлагатай улс төрийн хүчин өнөөдөр жинхэнэ “хувь заяандаа” найдан, “сүр сүлд”, “хийморь” нь доройтчихоод байж байна. Яагаад ялагдав, юунаас болов гэдгээ шүүн тунгаахын оронд “Манай нам угаасаа УИХ-ын сонгуульд ялагдах байсан юм” хэмээн хээв нэг ярьж байна. Орон нутгийн сонгуульд ялагдчихсныхаа маргааш нь л “Манай нам сайн оролцлоо” хэмээн ичихгүй зарлаж байсныг хүмүүс санаж байгаа.

Эрх барьж байсан намын эрхэм гишүүд эдгээр үгээрээ ёстой нэг “ялагдлаа ялалт” болгосон мэт. Тэд “санасныг бодоход гайгүй ялагдлаа” хэмээн сэтгэн өөрсдийгөө тайвшруулж байгаа ч дотроо ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, итгэж чадахгүй зөрчилдөж байгаа мэт. Гэвч бодит амьдрал дээр “ялагдаж”, “шившиг болсон”. Энэ бол үнэн. Улстөрч хүн бодит байдлыг зөв дүгнэж, хурдан шуурхай шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Гэвч МАН-ын удирдлагуудад энэ чадвар дутагдсаар.

Социализмын үед Монгол улсыг удирдан чиглүүлж аж үйлдвэржилт, хотжилт, иргэншилт гэх мэт бүтээн босголт, хөгжлийг авчирсан тэр улстөрийн хүчин зорилготой, хариуцлагатай байсан. Тэдэнд онол байсан, идеологи байсан. Тэдэнд улс орныг хөгжүүлэх хөтөлбөр байсан. Мөн тэдэнд онолыг бичих, идеологийг нь гаргах, бодлогыг нь боловсруулах сэхээтнүүд байсан. Тэд хоосон амбицдаа хөтлөгдсөн, худал бялдуучлал, долигонуур хүмүүсээр намаа дүүргэлгүй харин улс орныхоо төлөө юм хийж чадах мэдлэг чадвартай боловсон хүчнүүдээр эгнээгээ бэхжүүлж байсан. Тийм л учраас Монгол орон 1990 он гэхэд тухайн үеийн Скандиновын орнуудтай хөгжлөөрөө ижил түвшинд хүрсэн байсан. Энэ бол үнэн түүх. Үүнийг хэн ч гуйвуулж, харлууллаа гээд түүхийн үнэн хэзээд оршсоор байна. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Чойбалсан, Хөтөл, Налайх, Бор-Өндөрийг барьж байгуулсан хүмүүс өнөөдөр ч амьд сэрүүн байна.

Түүх нь дэндүү сайхан энэ нам сүүлийн жилүүдэд ард түмнээ их доромжилж, даан ч итгэлийг нь алдлаа. Үүнийхээ горыг ч амсаж УИХ, Орон нутгийн сонгуульд дараалан ялагдчихаад байна. Хоёр дараалан ялагдчихсан ч алдаагаа өнөөдөр “ухаарах” болоогүй ажээ. Магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, элгээрээ хэвтсэний дараа л бүхнийг ойлгож, ухаарах юм шиг байна. “Нэрийг нь сонсоод л тухайн зүйлийг мэдчихлээ” хэмээн ойлгодог нимгэн мэдлэгтэй, маруухан боловсролтой нөхдүүдээр өөрсдийгөө тойруулчихаад бялдуучлал, магтаал дунд мансууран суугаа нь энэ намын том алдаа. Юм чаддаг хүнээс айдаг, юм мэддэг хүнээс дөлж зугтаадаг. Өөрсдөө мэдэхгүй чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй нь тэдний том алдаа. АН-ын нэг сайн тал нь тэд шинэ зүйлд нээлттэй байдаг. Тэд шинэ зүйл хийхийг хүсдэг. Мэдэхгүй учраас бүхий л зүйлийг мөнгө, хүний хүчээр хийхийг оролдон муйхарлан зүтгэцгээнэ. Харамсалтай нь энэ нь хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Яагаад гэвэл мэдэхгүй юм чинь чадахгүй л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хамгийн их шинэчлэл ярьсан нь МАН байсан. Гэхдээ л бодит шинэчлэлийг хийж чадалгүй намын нэр болон дарга нараа л сольсноос хэтэрсэнгүй. Одоо ч шинэчлэл хүлээгдсээр л. Шинэчлэл гэж юу байдгийг дараахь жишээнээс харж болох юм.

Английн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн тухай хийгдсэн “Төмөр хатагтай” кинонд “Маргарет Тетчерийг намын хамтран зүтгэгчид нь Консерватив намын дарга болох санал тавихад тэрээр татгалздаг” Тэгэхэд  намынхан нь “Чи Англи орныг авармаар байгаа бол эхлээд намаа авар” хэмээн тулгадаг. Ингээд тэрээр нийгэмд нэр хүнд нь унчихаад байсан Консерватив намын дарга болдог. Энэхүү түүхэн үйл явдлаас сэдэвлэн дээрхи киног бүтээжээ.

Маргарет Тетчэр Их Бри­та­нийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. Тэрбээр гүйцэтгэх за­саглалын тэр­гүүнээр 11 жил буюу хамгийн удаан ажилласан. Түү­­ний тэргүүлж байсан Кон­­сер­ватив нам сонгуульд гур­­ван удаа дараалан ялалт бай­гуулсан түүхтэй. Хуучин уламжлалаа баримталдаг Английн Консерватив нам тухайн үедээ эмэгтэй хүнийг даргаараа сонгосон нь дэндүү зоригтой, шийдэмгий алхам байсан. Шинэчлэл гэдэг дэндүү их зориг шаарддаг нь эндээс харагдана. Магадгүй тухай үеийн Консерватив намын удирдлагууд нь сандал ширээтэйгээ зууралдаад хоосон амбицлаад байсан бол намаа ч, улс орноо ч сүйрүүлж мэдэх байсан. Харин тэдэнд улс орноо бас намаа гэсэн сэтгэл зүрх, эр зориг байсан юм.

Яг л үүнтэй адил Монгол орныг цаашид удирдан авч явъя гэсэн алсын том хүсэл байгаа бол МАН дотроо том өөрчлөлтийг зоригтой хийх шаардлагатай байна. МАН бол Монголын түүхээс гарч ирсэн ард түмний нам. Түүхийн алдаа ба оноо энэ намтай холбоотой. Тиймээс МАН ард түмнийхээ өмнө хариуцлагатай байж өөрсдийн түүхэн үүргээ ухамсарлах учиртай.

МАН-ыг одоо юу аврах вэ гэхээр мөнгө биш харин үзэл баримтлал болон мөрийн хөтөлбөр. Мөнгөтэй хүмүүс намыг ард түмнээс холдуулж цөөн хүмүүсийн өмч мэт болгосон. Тиймээс эргүүлж ард түмэндээ ойртуулж, олон түмний дэмжлэгийг авсан хүчирхэг нам болгоё гэвэл зөв онол, идеологи, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь МАН-д энэ бүхнийг хэлж өгөх сэхээтэн алга. Хийгээд өгөх мэдлэг чадвартай хүн ч алга. Зөвхөн МАН ч биш эрх барьж байгаа АН ч бас мэдлэг чадвартай боловсон хүчин дээрээ тулгуурлаж улс орныг хөгжүүлэхээс биш зөвхөн мөнгөөр улс орныг хөгжүүлж чадахгүй шүү. Мөнгөөр овоохой босгож болох байх харин мэдлэггүйгээр хэзээ ч хот байгуулж чадахгүй. Ер нь улс орны амьдралыг авч явж буй улстөрчид заавал онолын мэдлэгтэй байх хэрэгтэй ба үнэхээр онолын мэдлэггүй бол ядаж онол мэддэг чадварлаг хүмүүсийн заавар зөвлөгөөг хүлээн авч, алдаа оноогоо зөв дүгнэж чаддаг эрдэмтэй байх ёстой. Ингэж байж л улс орон хөгждөг болохоос биш мөнгө зээлээд хөгждөггүй. Харин ч их өрөнд орж мэднэ шүү. Эцсийн эцэст энэ хоёр нам хоёулаа мэдлэг чадвартай, хүчтэй байснаар л улс орон хөгжинө.

Өнөөдөр МАН-д шинэчлэгдэх хүсэл зориг байна уу? Шинэчлэлд бэлэн үү? Шинэчлэлийг хийж чадвал өөдөлж дэвшинэ, харин хийж чадахгүй бол уруудна. МАН: Уруудах уу? Өөдлөх үү?

Б.БУДЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж