Ц.Нямдоржийн 3 “Т” мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн 3 “Т” мэдэгдэл

Сөрөг хүчний гол төлөөлөл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ярилцлага хэлбэрээр мэдэгдэл хийжээ. Түүний яриаг гурван “Т”-ээр тодорхойлж болох юм. Тэсрэлт. Тэнэглэл. Тэчьяал. Эхлээд удтал ярилцлага өгөөгүй болохоор олон нийт сонирхож уншина гэж тооцоолон уур бухимдлыг нь хүргэж буй бүх сэдвээр “тэсэрч” байгаагаа харуулав. Дараа нь “Засгийн газар саажилт туссан, дампуурсан”, “Бонд бол өр. Үр ашиггүй болбол Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нар Монголын ард түмнийг үеийн үед өрөнд оруулсан хамгийн муухай нүгэлтэн болно” хэмээн Засгийн газрыг бүхэлд нь доромжилж үйл ажиллагааг нь муу ёроор зөгнөв. Үүний “тэнэг” мэдэгдэл  гэхэд хилэгнэхгүй биз ээ. Эцэст нь УИХ-д бүлэгтэй болж чадаагүйдээ бухимдаад зогсохгүй, анхны Ерөнхийлөгч П.Очир­бат,  Ерөн­хий сайд асан Д.Бямбасүрэн нар руу хүртэл  “асаж” одоогийн Засгийн газартай харьцуулж “тэчьяадав”. Ийнхүү Ц.Нямдорж нэгэнт улс төрийн хувьд амжилт дурьдах аргагүй болсондоо бухимдахын сацуу эдийн засаг, хөгжлийн эмзэг асуудлаар тоглон Засгийн газрын хаалганд “гоол” оруулахаар шийджээ.

Энэ бол МАН-ын цайны ганц “ганган” цохилт нь. Хариуд нь хариуцлага ярих ёстой. Тухайлбал яах гэж өмнөх Засгийн газар Монголбанкнаас 300 тэрбум төгрөг зээлсэн юм бэ. Хүний хөгжил санг Монголбанк санхүүжүүлэх тэр бусармаг эрхийг хэн олгов. Өгч чадахгүй бол яах гэж иргэн бүрт мөнгө өгье гэж амласан юм бэ. Хөтлөлцөж гарч ирээд боломжгүй болчихлоо гэдгээ хэлэхээс айгаад дараагийн Засгийн газар төлнө биз гэсэн шийдвэр гаргасан тэр хүмүүс өнөөдөр бүгдээрээ амьд сэрүүн, тарган цатгалан явцгааж байна.

Оюутолгойн гэрээний урьдчилгаа өр биш юм уу. Тэр үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хашиж байсан Ц.Нямдорж Монголд ашиггүй заалтуудын өө сэвийг олж хараагүй эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой биш үү. Учир нь тэр Монголын ард түмний нийтлэг эрх ашгаар “гоёдог” эх оронч улстөрч гэж өөрийгөө тодорхойлдог.  Улс орны нийтлэг эрх ашиг гэвэл өнөөдөр улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил л чухал баймаар. Гэтэл энэ сэдвээр тоглож Засгийн газрыг танхимаар нь “дампуурсан” хэмээн гутаан доромжилж байгаа нь харамсалтай. Үүний цаана МАН гэдэг нэг нам, цаашилбал түүний удирдлага хэдхэн хүний эрх ашиг буй. Яагаад өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын гишүүд бүлэггүй байна вэ. Хуулийн хугацаандаа хүсэлтээ гаргаж өгөөгүй. МАН бүлэггүй байна гэж юу байх вэ гэж үл тоосон. Өөрөөр хэн ч тэдэнд хориг саад тавиагүй.

“Парламентын Брэнд” гэгддэг, ХЗДХ-ийн сайдаар гурвантаа сонгогдож ажилласан Ц.Нямдорж нь хүртэл Удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувьд сануулаад алгын чинээ цаасыг хугацаанд нь өгүүлсэн бол өдийд бүлгийн асуудал яриад суухгүй байсан. МАН бүлэгтэй болохоос илүү чухал асуудал олон байна. МАН-ынхан шинэчлэл  хийгээд Удирдах зөвлөлөө сонгоод, ялагдал авчирсан дарга нартайгаа хариуцлага тооцох болоход мөнөөх л Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарын хууччуул дахин сонгогдож байх жишээтэй. Үүнд дургүйцэх залуус тус намд олон бий. Энэ “өвгөчүүл”-ээсээ салчихвал танай намыг дэмжихэд бэлэн гэсэн залуус түүнээс ч олон. Гэтэл намын жагсаалтаар ч атугай парламентад үлдэх том эрх ашиг байдаг учраас Удир­дах зөвлөлөөс ховхорч өгдөггүй.

Одоо тус намын даргаар ажиллаж буй Ц.Энхтүвшин голч нуруутай, туршлагатай төрийн түшээ мөн. Гэхдээ Ц.Нямдорж шиг догшин гишүүдээ номхруулж чадахаар удирдагч мөн үү гэвэл юу л бол. Улс төрийн түүхэнд дандаа Ц.Нямдоржийн “дээр” ажиллаж ирсэн С.Баяр өнөөдөр харьд амьдарч байна. Насаар дүү хэрнээ адилхан өөдөөс нь асаж явдаг У.Хүрэлсүх ханиа эмчлүүлэхээр харьд одсон. Тэгэхээр яг одоо л Ц.Нямдоржийн тод харагдах үе. Ховор олдох энэ мөчид хэн болохоо харуулахын тулд хууль биш тоо ярьж, хөгжилд уриалах бус ухралтыг сануулж яваа нь харамсалтай. Ц.Нямдорж уржигдар бондоос болгоомжлуулсан хатуу хөтүү үгээр дүүрэн ярилцлага өгөхдөө 1944 онд Оросоос зээлсэн их өрийг дурсжээ.

Уучлаарай, 68 жилийн өмнө танай намынхны тавьсан тэр өр яагаад төлөгдөхгүй яваад байсныг мэдэх үү. Намын дарга нар нь оросуудтай албан тушаал, архи, хүүхэн, хамаг баялгаа хувааж найрласаар нэг л мэдэхэд авсан, өгсөн талууд нэхэх, төлөх хариуцлагаа мартсан. Шинэ цаг үе ирж, шударга ёс, ардчиллын үед тооцоо бодоход өр гарч ирсэн. Их өрийг төлсний дараа Н.Энхбаярыг хамгийн их магтаж байсан хүмүүсийн нэг нь Ц.Нямдорж өөрөө билээ. Ямартай ч түүхийн зам мөрт өмнөх дарга нарынхаа хийсэн үйл лайг тэр үеийн МАХН-ын удирдлагууд арилгаж өгсөнд ард түмэн баярлаж байсан. Харин өнөөдрийн өр бол өөр. Оюутолгойн гэрээ, Монголбанкнаас зээлсэн өрнөөс ч тэс өөр юм шүү. Засгийн газар ард түмэндээ ил тодоор танилцуулж байгаад хаанаас ямар арга замаар хэдэн хувийн хүүтэй авч байгаагаа зарласан. Ямар чиглэлээр зарцуулах зорилгоо өдөр бүр танилцуулж байна. Эхний тодорхой төслүүдээ танилцуулаад байгаа боловч харамсалтай нь зарим хүн тэр төслийг хараад нүдээ аньж, чихээ бөглөөд “Сонсохгүй байна, харахгүй байна” гээд байгаа юм. Бүр ямар ч төсөл байхгүй байгаасай, их өрөнд ороосой гэсэн сөрөг хүсэл тэчъяал байгаа нь ч анзаарагдаад байх боллоо.

Их бүтээн байгуулалтыг “гоё  үгээр халхалсан луйвар” гэж тайлбарлаж байгаа УИХ-ын гишүүнийг эх оронч гэх үү. Ирээдүйг хараар төсөөлдөг төлөөлөлд УИХ-ын гишүүн гэдэг нэр хүнддэхгүй юу. Ц.Нямдоржийн хэлэх дуртай үг нь “Би үнэнийг хэлж байгаад дуусна”. Сайхан үг шүү. Даанч ард түмэн ирээдүйгээ Ц.Нямдорж гэдэг улстөрчийн нүдээр харахгүй, үнэнийг түүний хэлснээр хэмжихгүй гээд сонголтоо хийчихлээ шүү дээ. Ардчилсан намынхан олуулаа болбол юу хийхийг харахыг хүсэж байна. Тэд Засгийн газраа байгуулаад Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгочихлоо. Одоо шинэчлэлийн гээд байгаа энэ Засгийн газар юу хийхийг харж, хүлээж, итгэж байна. Ард түмний сонголтыг хүндэтгэ.

МАН сөрөг хүчин болсон нь үнэн. Тод төлөөллийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж юм байна. Гэхдээ энэ нь өмнөх Засгийн газрын алдааг март гэсэн үг биш. Шинээр байгуулагдсан Засгийн газрыг ажил хийлгэхгүй доромжлоод бай, тэдэнд итгэх ард түмний итгэлийг сааруул гэсэн үг бүр ч биш. Яагаад тэрхүү сөрөг хүчний төлөөлөл үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар руу дайрах болов гэдэг бас сонин юм. Тэрбээр Д.Бямбасүрэн, П.Очирбат нарыг маш хүнд төр барьж байх тэр үед хэн байсан билээ гэдгийг ард түмэн мартаагүй. Харин өөрт нь яг тэдэн шиг байх хувь одоохондоо олдоогүй. Ирээдүйд олдож мэдэх л юм. Хэрэв Ц.Нямдорж гишүүн тэр өндөрлөг рүү тэмүүлэх гэсэндээ дээрх цочир мэдэгдлийг хийсэн бол “Жаахан тэвчээртэй бай” гэж хэлмээр байна. Монголчууд увайгүй загнадаг, урдахаа мартдаг, зуумтгай хүнд дургүй. Өөрт ногдох хариуцлагаа хүлээж, өрөөлийн алдааг уучилж чаддаг холч тэнүүн сэтгэлтэнг үнэлдэг. Энэ бол Монголын ард түмний үнэлэмж. Уг нь ард түмэн Ц.Нямдоржид хайртай юм шүү дээ. Гэхдээ ард түмэнд эрхлэхэд учир бий.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж