Казахстаны "Эхо Желтоксана" олон нийтийн байгууллага нийслэл Астана хотынхоо нэрийг өөрчилж, Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэх хүсэлт гаргасан гэнэ. Тэдний энэхүү хүсэлтийг парламент нь хүлээн авч, "Байж болох хувилбар" хэмээн хэлэлцэхээр болсон юм байна. Нэг хүнийг тахин шүтсэн улс гэж ийм л байдаг юм байх даа. За манайх ч ялгаагүй дээ, дахиад л нэг хүнийг тахин шүтдэг болчихсон гэхэд хэлсдэхгүй. Хэн бэ гэж үү. Мэдээж, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр. Үнэхээр л манайхан сүүлийн үед Н.Энхбаяр гэдэг хүнийг бүх нийтээрээ тахин шүтэх болсон байх аа. Гэхдээ зарим нэг хүнийг эс тооцвол шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг бүх нийтээрээ тахин шүтэх аяныг өрнүүлж, зарим нэг гэсэн тодорхойлолтод багтаад байгаа хүмүүсийг өөрсдийн талд урвуулах хэрэгтэй. Эхний даалгавраа бүтээчихээд улсын нийслэл Улаанбаатарын нэрийг өөрчилж Энхбаяр гэдэг нэр өгөх хүсэлт гаргасан ч яах вэ дээ. МАХН-ын нувьд байж болох л хувилбар. Хэрэв зарим нэг гэсэн тодорхойлолтод багтаж байгаа хүмүүс нэг хүнийг тахин шүтэх хүсэлтийг хүлээж авахгүй бол дахиад нэг хувилбар гаргаж болно шүү дээ. Тэдний дургүй зүйлсийг Н.Энхбаяр гэж нэрлэж болно. Тухайлбал, стрессээ тайлахдаа зоддог хүүхэлдэйг нь ч юм уу. Ямар ч байсан Н.Энхбаяр гэдэг нэрийг л сайн ч бай, саар ч бай бүх зүйлст л оруулах хэрэгтэй. Харин шүтэн бишрэгчид нь түүний нэрээр юуг л бол, юуг л нэрлэж болно шүү дээ. Хамгийн сайн, сайхан дурсамж үлдээсэн зүйлээ, эсвэл хамгаас хайртай зүйлсээ Н.Энхбаяр гэж нэрлэж болно.
Нэг хэсэг жагсаал болж байх үеэр төрсөн эмэгтэй хүүхдэд “Жагсаалжингоо”, эрэгтэй хүүхдэд “Жагсагчбаатар” гэдэн нэр өгөх санал гараад л байсан биз дээ. Ер нь манайхан нэг туйлшрахаараа хэтэрхий туйлширдаг ард түмэн. Тиймээсэнэхүү саналыг маань хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Нэг харсан чинь бүх зүйл Н.Энхбаяр гэдэг нэртэй болчихсон байх вий дээ. Дуртай ч бай, дургүй ч бай бүх зүйл Н.Энхбаяр гэдэг нэртэй байна гээд төсөөлөөд үз дээ.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин