
УИХ-д шинээр тангараг өргөж буй Г.Батхүүгийн хувьд Өвөрхангай буюу УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшиж, сонгогдоод буй. Сонгуулийн санал хураалтаас хойш ийнхүү хагас жилийн дараа Г.Батхүү тангараг өргөв. Өвөрхангайн тойрогт үүссэн маргаан одоо ч шүүхээр бүрэн эцэслэгдээгүй байна. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрээр АН-аас тус тойрогт нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг хууль зөрчөөгүй хэмээн үзсэн тул СЕХ-ноос дээрх хоёр эрхмийн нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Гэвч МАН-ын зүгээс энэ асуудалд эсэргүүцэлтэй хандаж, түүгээр ч зогсохгүй буйдантай суулт хийж, Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулснаар тангараг өргөх асуудал хойшилсон юм. Гэвч намууд “тохиролцоонд” хүрснээр удтал дуншсан маргаан, гацаа тайлагдаж, Г.Батхүү УИХ-ын даргын зөвлөхийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Гурав дахь удаагаа 76-гийн нэгээр сонгогдсон тэрбээр ийнхүү ирэх дөрвөн жилд Өвөрхангайн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болох юм.
Хэнтий аймгаас гурван жил дараалан УИХ-д сонгогдсон ч энэ удаад намын шахалтаар нийслэлд хүч үзсэн Д.Арвин дахин санал хураалтаар гишүүний эрхээ олж авлаа. Сонгогчдын санал босго 28 хувьд хүрээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон Баянзүрх дүүргийн нэг мандатын төлөө МАН-ын нэр дэвшигчид болох Д.Арвин, Б.Батзориг нэр өрсөлдсөнөөс дахин санал хураалтаар Д.Арвин хатагтай олонхийн санал авч, УИХ-ын түшээгээр дөрөв дэхээ сонгогдов. Түүний хувьд тойргоо сольж, санал нь хүрэхгүй багагүй “будилсан” ч УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог, мөн МАН-ын гишүүдийн тоог нэгээр нэмлээ.
Нэр дэвшсэн цагаасаа эхлэн “шинэ хүн” гэх өмнөтгөлтэй болсон МАН-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд намын нөхөр У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээс татгалзсанаар УИХ-д орж ирлээ. У.Хүрэлсүх намын жагсаалтаар сонгогдсон тул түүнийг орлож, жагсаалтын дараах хүн нь ийнхүү гишүүн болж буй. Сэтгүүлзүйн салбараас төрсөн төрийн түшээдийн хамгийн отгон нь ийнхүү Д.Сарангэрэл болж байна.
“Мунгинаж”, буйдантай жагсч, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч УИХ нэг алхам урагшиллаа. 76 гишүүнтэй байж, ирц гүйцэх учиртай энэ “анги”-д одоо гурван эрхэм дутуу. Тодруулбал, Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн МАН-ын хоёрын нэг нь тангараг өргөнө. Тус тойрогт өрсөлдсөн АН-ын гишүүн Д.Зоригт өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан тул Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэг нь гишүүн болох нь тодорхой болов. Харин хэн нь вэ гэдгийг шүүх байгууллага тогтоох болж байна.
Харин удаахь гишүүн нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдоно. СХД-т мөн л нэг мандатад сонгогчдын санал босго 28 хувьд хүрээгүй тул дахин санал хураалт явуулах болсон. Энэ нэг суудлын төлөө АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар өрсөлдөнө. Уг нь дахин санал хураалтыг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтатган арваннэгдүгээр сарын 21-нд явуулах байсан ч Л.Эрхэмбаяр нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан учир Тойргийн хороо нь шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл санал хураалтыг хойшлуулсан юм. Шүүхийн шийдвэр хэзээ гарна, тэр цагт дахин санал хураалтын тов тодорно.
УИХ-ыг бүрдүүлэх сүүлийн гишүүн нь тодорхойгүй. “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюунбаатар тангараг өргөх талаар яригдаж байсан ч энэ удаад Э.Батшугар УИХ-ыг бүрдүүлэх гишүүн болж магадгүй байна. СЕХ-ноос “цэргийн алба хаагаагүй” гэх үндэслэлээр Э.Батшугарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан ч Батлан хамгаалах яамнаас Э.Батшугар нь цэргийн албыг дүйцүүлэн хаасан гэж үзсэн тул “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Э.Батшугарын асуудлыг хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл байна.
Үлдсэн гурван гишүүн “асуудлаа” шийдвэл УИХ 76-уулаа болж, бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах боломжтой болох юм. Өдгөө хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд АН-аас 32, МАН-26, “Шударга ёс” эвсэл-10, ИЗНН-2, мөн гурван бие даагч гишүүн байна.