
Энэхүү чуулган нь соёлыг улс орны тогтвортой хөгжлийг хангах үнэт хүчин зүйл болгон үзэх, уг салбарт бүтээлч үйлдвэрлэл, инновацийг нэвтрүүлснээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын өв, уламжлалдаа тулгуурлан олон улсад Монгол орны эерэг имижийг бүрдүүлэх тухайд уран бүтээлчид, соёлын үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, бизнесийнхэн, аялал жуулчлалынхан, иргэний нийгмийнхний санал бодлыг сонсож, тэдгээр санал санаачилгыг нэгтгэн олон нийт, төр засагт хүргэх зорилготой юм. Чуулганд соёл урлагийн салбар, тус салбартай уялдаа холбоотой ажилладаг төрийн байгууллагуудын төлөөлөл, хот орон нутгийн соёл урлагийн байгууллагууд, судлаачид, боловсролынхон, эдийн засагчид, бүтээлч үйлдвэрлэлийнхэн, бизнесийнхэн, иргэний нийгмийн төлөөлөл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадны судлаач, шинжээчид зэрэг нийт 400 төлөөлөгч оролцож байна.
Монголын соёл, ба өв тэдгээрийг хэрхэн хамгаалж байгаа болон цаашид олон улсын судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллах, туршлага судлах нь чуулганы гол зорилго гэж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл онцолж байлаа. Мөн тэрээр “Ер нь бол соёлыг эдийн засагжуулах шаардлагатай. Соёлоо таньж, хадгалж ирсэн иргэд тогтвортой эдийн засгийг бий болгодог. Соёлоор дамжуулж буй эдийн засаг нь газар ухаж, байгалиа сүйтгэдэггүй учраас тогтвортой эдийн засаг байдаг. Энэ тогтвортой эдийн засгийн бий болгохын тулд бид өмчийн харилцааны суурийг шинээр бий болгох шаардлагатай байгаа юм. Соёлыг хэн өмчлөх вэ гэдгээс соёлын эдийн засаг эхэлнэ. Төр, иргэн, хувийн эзэмшил өмчлөх вэ гэдгийг судлаад үзэхэд тухай соёлыг мэддэг иргэн өмчилдөг юм байна. Тухайн соёлыг мэддэг иргэн та өмчлөгч шүү гэдгээс соёлыг эдийн засаг эхлэх юм. Бид энэ өмчлөлийн харьцааг бий болгож, өмчлөгч нь соёлоо яаж хадгалах, эзэмших, түгээх вэ гэдгийг хуульчилж өгөх хууль эрхзүйн орчныг бий болгох замаар соёлын эдийн засгийг бий болгохоор зорьж байна” гэлээ.