Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл өчигдөр ээлжит 4-р хурлаа хийж хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хөтөлбөрүүдийг баталсан байна.

Тухайлбал, 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлан хэрэгжүүлж байсан Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр, Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг шинэчлэн баталжээ.

Мөн Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотой бүтцийн өөрчлөлтийн хүрээнд өмнөх хөтөлбөрүүдэд заасан байсан “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”, “Нийслэлийн хөдөлмөрийн байгууллага”, “аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага” гэсэн нэр томъёоллыг “Хөдөлмөрийн яам”, “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв”, “Нийслэлийн хөдөлмөрийн газар”, “аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс” хэмээн чиг үүргийг өөрчлөн тусгажээ.

Үүнээс гадна “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй монгол хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэлэлцүүлсэн байна.

40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн гол зорилго нь 40-өөс дээш насны ажил олоход бэрхшээлтэй иргэн болон тэтгэврийн насны өндөр ур чадвартай, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдэд тэдний орлогыг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх санал, санаачлагыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг бий болгох багц үйлчилгээ, арга хэмжээ үзүүлэх юм байна.  Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад настныг дэмжих, 40-өөс дээш насны иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих аж.

  Эзэнтэй монгол хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, эко орчныг бүрдүүлэх чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөөх, бүтээн байгуулалтын, ашгийн төлөө бус үйл ажиллагаа болон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас үүдсэн хог хаягдал, эвдрэл сүйдлийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд ажил эрхлээгүй, ажил хийх боломжтой иргэдийг хамруулан орлогыг дэмжих арга хэмжээг аймаг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ ногоон ажлын байр бий болгох, нийтийг хамарсан ажлын хүрээнд түр ажлын байр бий болгох, түр ажлын байраар хангагдсан ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж