Харумафүжигийн цолны найр болов

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Харумафүжигийн цолны найр болов

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжигийн цолны найр энэ сарын 9-нд Токио хотын “Okura” зочид буудалд болжээ.  Түүний цолны найранд Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми, 68 дахь ёкозүна Асашёорюү нарын 1600 хүн оролцсон байна.

Харүмафүжи “Энд ингээд зогсож байгаа минь төрүүлж өсгөсөн аав ээж, тусалж дэмжсэн ояката, та бүхний ач тус билээ” хэмээн хурсан олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ цолтой барилдсан Кюүшюү башёог есөн ялалттай дуусгасан түүнд баяр хүргэхийн сацуу сайн барилдахыг захисан хүн олон байлаа. Исэгахама ояката “Харүмафүжи залуу байна. Тэр улам хүчтэй болж чадна. Би ёкозүна байсан хүний хувьд шавиа улам сайн сургаж, хатуу ширүүн байх болно” гэж хэлсэн бол Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта “Хурд, хүч хосолсон сайхан аварга.

Дахин олон түрүүлээсэй” гэж баяр хүргэжээ. Харин Д.Дагвадорж “Би ч гэсэн ёкозүна цолтой анхны тэмцээндээ арав л ялж байлаа. Хоёр дахь тэмцээнээс л жинхэнэ хүч чадал харагдана. Ирэх тэмцээнд л аварга уу, арслан уу гэдгийн ялгаа харагдана” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: "ТАВАН ЦАГАРИГ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж