АНУ эсэргүүцэж, Хятад “толгойг нь илэв”

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

АНУ эсэргүүцэж, Хятад “толгойг нь илэв”

Умард Солонгос өчигдөр алсын тусгалт пуужинг хөөргөсөн нь хөрш орнууд болон бүс нутгийн түгшүүрийг нэмэгдүүлэв. Пуужинг хөөргөсний дараа Умард Солонгос цаг уурын хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдсэн юм. Үүний дараа Хойд Америкийн Агаар сансраас хамгаалах команд (NORAD) сансрын тойрог замд шинэ обьект илэрснийг баталсан. Умард Солонгосыг алсын тусгалт пуужин, цөмийн технологи туршихыг хориглосон НҮБ-ын хоригийг зөрчсөн энэ алхам нь НҮБ, АНУ болон зүүн хойд Азийн орнуудыг уурлуулж байна.

Умард Солонгосын ингэж дураараар авирласныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Мороккогийн Элчин сайд Мохамед Лулички "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үл тоомсорлосон хэрэг” гэж буруутгажээ. Харин АНУ Умардын пуужингийн туршилтыг “Бүс нутагт аюул заналхийлсэн, илт өдөөн хатгалга. Пхеньянь  үүнийхээ хариуг амсана” гэжээ. Хэдийгээр Умард Солонгос үүнийгээ цаг уурын хиймэл дагуулыг тойрог замд оруулах туршилт хэмээн тайлбарласан ч АНУ болон холбоотнууд нь цөмийн баллистик пуужингийн туршилт гэж хардаж байгаа юм. Харин Умард Солонгосын цорын ганц чухал холбоотон Хятад дээрх алхмыг илт буруутгахаас зайлсхийж “Талууд санаа зовинохоо больж, асуудалд хүлээцтэй хандана гэж найдаж байна” гэж мэдэгджээ. Нэг сарын өмнө Хятадын улс төрийн хүчирхэг аппарат Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, цэргийн зөвлөлийн тэргүүнээр томилогдсон Си Жинпинь Пхеньянийн энэ үйлдлийг буруутгахгүй байгаа аж.

Умард Солонгосыг пуужин хөөргөсөн тухай мэдээлэл тарсан даруйд Хятадын “Синьхуа” агентлаг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зургаан талт хэлэлцээрийн асуудлыг сөхжээ. Умард Солонгос, БНСУ, Хятад, ОХУ, АНУ болон Японы хоорондох энэхүү ужгирсан зургаан талт хэлэлцээ хамгийн сүүлд 2007 онд болсон билээ. Хятад улс дээрх зургаан талт хэлэлцээг зохион явуулахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн боловч 2009 онд Умард Солонгос пуужингийн туршилт явуулж, БНСУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц руу дайрсан, 2010 онд БНСУ-ын арал руу их буугаар буудсан зэрэг нь талуудыг зөвшилцөлд хүргэх гэсэн Хятадын чармайлтыг үгүй хийсэн юм.

Гэвч бүс нутагт таагүй байдал үүсч, Умард Солонгос хэл амны бай болж байгаа энэ үед ч Хятад холбоотноо буруутгах, шүүмжлэх шинжгүй байна.

Харин Японд Умардын пуужингийн туршилтыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүртэл гарчээ.  Алсын тусгалт пуужингаа Окинава арлын дээгүүр хөөргөсөн нь Умардын пуужингийн технологи хамгийн алслагдсан арлуудад ч хүрэх чадвартайг япончуудад харуулсан явдал болжээ.

Япон Умардын энэ алхмыг тэвчишгүй явдал гэж мэдэгдсэн юм.

Японд бүх нийтийн сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн, БНСУ долоо хоногийн дараа шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж буй ийм үед Умард Солонгос пуужин хөөргөсөн нь санамсаргүй тохиолдол биш гэж тэд үзэж байгаа юм байна. Учир нь Умардын пуужингийн туршилтад ямар хариу өгөх нь  Япон, БНСУ-ын сонгуулийн компанит ажлын үр дүнд нөлөөлөх билээ.
 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж