Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Их ор залгах хувь

News.mn 76:1 уламжлалт булангаараа УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ болохыг цувралаар танилцуулж буй. Энэ удаа  Сундуйн Батболдын хөргийг хүргэж байна.

Улс төрийн намууд 2002 оны зун их ор залгах төрийн түшээгийн эрэлд мордсон юм. Мэндийн Зэнээ гэж том улстөрч насан өөд болж түүнийг хэнээр залгамжлуулах вэ гэсэн асуулт дээд хүрээнийхний сэтгэлийг чилээв. Тэгэхэд хэзээд сөргөлдөж байдаг, тухайн үед сөргөлдөөн нь бүр хурц байсан  намуудад бичигдээгүй нэг хууль үйлчилж билээ. М.Зэнээ Төв аймгийн уугуул тул заавал нутгийнх нь хүнээр түүний “шийрийг хатаалгах” хуурай хууль аяндаа гарсан байв. Өмнө нь хэн нэг УИХ-ын гишүүний суудал онгойлоо гэхэд намууд нутаг нуга гэлгүйгээр олонд танил гэсэн хүнээ, аль эсвэл ах дүүс, эхнэрийг нь өрсөлдүүлдэг уламжлал байсныг тэр удаа эвдлээ. Төв аймгийн угшилтай, тэгсэн хэрнээ том улстөрч гарч ирж байж л М.Зэнээ агсны эзгүйрсэн суудал дүүрэх учиртай гэсэн шалгуур эрх мэдэлтнүүдийн толгойд эргэлдэж зусав. Тэгэхэд намууд ая тач үзэлцэнэ гэгч болж билээ.

Ж.Самбуу дарга, УИХ-ын дэд дарга асан До.Ганболд хоёроос өөр “том хүн” Төв аймгаас хараахан гараагүй, одоо л тийм хүнээ олж шилж тодруулна гээд л. МАХН-аас Төв аймгийн Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга Сундуйн Батболд гэдэг залуугийн нэрийг дэвшүүлчихэж. Хүмүүс гайхлаа. Их л дээгүүр зиндааны хүний нэрийг гаргаж ирнэ дээ гэж нийгэм даяараа хүлээж байсан болохоор тэр. Батболдын аавыг бол Монгол даяар мэддэг байлаа. Манлай уяач Дорнойн Сундуй, түүний хүрэн азарга, цоохор азарга гээд алдарт хурдан хөлгүүдийн алдар орон даяар түгж байсныг дуулаагүй, сонсоогүй хүн байгаагүй. Харин хүү нь М.Зэнээгийн оронд нөхөн сонгуульд нэр дэвшсэнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх. Гэвч мөнөөх “танихгүй залуу” нөхөн сонгуульд ялчихав. “Нутгийнхнаас нь өөр хэний ч танихгүй залуу УИХ-д сонгогдлоо”, “Энэ залуугийн улстөрч болох ч гэж дээ” гэсэн голонгуй харц, “дахан дор эр, даахин дор хүлэг гэж мундаг хүн болох ч юм бил үү” гэсэн найдвар аль аль нь түүнийг парламентын танхимд угтсан юм. Дуугүй суусаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болов уу гэтэл тэгсэнгүй. Ердөө ч бишүүрхэлгүй, нэг л мэдэхэд их улс төрийн тогооны хүн болчихсон байж билээ. Замын дундаас нөхөн сонгуулиар гарч ирж хоёр жил төр түшихдээ М.Зэнээгийн суудал ахдахааргүй улстөрч болно гэдгээ С.Батболд олонд таниулж чадсан. Тэрээр Монголын төрийн дархан түшээгийн нэг М.Зэнээ агсны орыг залгасан том улстөрч болох замаа нэр төртэй эхлүүлсэн юм.

УИХ-ын 2004, 2008 оны сонгуулиар Төв аймгийнхан С.Батболдод дахин итгэл өвөрлүүлэв. Нэг намын амидаа Сү.Батболдоос ялгах гэж түүнийг Су гэж дуудах болов. Су.Батболд гишүүн М.Зэнээ гэдэг их хүний суудлыг түүртэлгүй дүүргэсэн шигээ төдөлгүй Д.Дэмбэрэл гэдэг бас нэг том улстөрчийн гараас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг хамгийн том, хамгийн хариуцлагатай бүтцийг залган авч толгойлсон. Энэ бол залуу улстөрчид өгсөн том итгэл найдвар байв. Үүнээс өмнө олон улирч сонгогдсон хашир түшээд л энэ албыг хашдаг байсан юм. МАХН /хуучин нэрээр/, ардчилсан хүчин эн тэнцүү шахам сонгогдсон УИХ-аас түүнд ийм итгэл үзүүлсэн нь аль аль тал нь түүнийг үнэлдэг гэсэн том урам хайрлажээ.

Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж спикер болоход түүний орыг мөн л Су.Батболд залгаж сайд болов. М.Зэнээ, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж гээд нөлөө бүхий улстөрчдийн халааг авах хувь тавилан түүнд ингэж тохиосон юм. Иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж Төрийн ордныг улаан лооль, өндгөөр “мялааж” байсан 2005 онд тэр их бужигнааныг Су.Батболдын толгойлсон Хууль зүй, дотоод хэргийн салбар л учрыг нь олж намжааж байлаа. Хатуу, зөөлөн аль нэг талыг нь хэтрүүлбэл тоглоом биш шоглоом болоход ойрхон байсан тэр их доргионы ая занг Су.Батболд сайд тэнцүүлж байсан юм. Эвгүй хөдөлсөн бол 2008 оны долдугаар сарын 1 бүр тэгэхэд тохиох ч байсан уу, хэн мэдлээ.

Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн Засгийн газар 2006 оны эхээр огцорч М.Энхболдын толгойлсон Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг бүрдүүлэхэд Су.Батболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар томилогдсон. Бүх яамдыг зангидан ажиллах том үүрэг түүнд ногдлоо. Тэр ажлыг тэрээр мөн л түүртэлгүй залгуулж Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэн Чингис хааны цогцолборыг Төрийн ордоны өмнө сүндэрлүүлэх нүсэр ажлыг зангидан гүйцэтгэлээ. Төв аймгийнхан 2002 онд олонд нэр хүндтэй хэн нэг эрхмийг М.Зэнээ агсны оронд дэвшүүлж сонгосон бол энэ хэрийн өндөрлөгт хүрч чадах байсан уу гэвэл бас эргэлзээтэй. Дорнойн Сундуй гуай олон агтын дундаас магнайдаа тоосгүй ажнайг шинжин уяж түрүү магнай, түмний эх болгодог билгийн нүдтэй байсан бол Төв нутгийнхан түмэн олныхоо дундаас чухам нүдээ олсон сонголт хийснийг Су.Батболдын үргэлж өөдөө дэвшин өгсч ирсэн замнал харуулдаг билээ.

Асар богино хугацаанд дандаа том хүмүүсийн орыг эзлэн хэний ч өмнө нүүр бардам ажиллаж ирсэн нь түүний онцгой чанар юм. Бүр багаасаа адууны тоосонд, уяачдын чанга дэг ёсонд хүмүүжин төлөвшөөд, орон нутагт анхан шатнаас ажил үйлсээ эхэлсэн нь түүнийг аливааг хийсэн шиг хийдэг нямбай занд сургажээ. Су.Батболдод найдаж хүлээлгэсэн ажил үүрэг ямагт ном журмын ёсоор гүйцэлддэг гэдгийг одоо төрийн хэмжээнд ойлгодог, мэддэг болсон. Тэглээ гээд тэрээр омогшиж эвдэрсэнгүй. Ааш зангийн хувьд, анд нөхөдтэйгээ харилцахдаа анх их улс төрд хөл тавихдаа ямар байсан, тэр л янзаараа яваа нь бахархууштай. Зарим нэгэн эрхэм том албаны зах шүүрүүт төрөл арилжин, нутаг тойрог гэхээсээ олигархиудын хормойноос зүүгдэн өгсөхийн дон шүглэдэг. Харин Су.Батболд гишүүн нутгаа, аймгаа, улс орноо, олон түмнээ гэсэн сэтгэлээр арав дахь жилдээ их улс төрд зүтгэж явна. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар гэхэд бас л Төв аймагтаа өрсөлдөн гарч ирж төр түшлээ. Өөр хүн байсан бол өчнөөн удаа УИХ-д сонгогдсоноороо түрж, намын жагсаалтад хавчуулагдана гэх байсан байлгүй.

Түүний үеийн улстөрчид зарим нь алдаж эндэн замаасаа хазайж, зарим нь алдар нэр хөөн хадуурсан байхад зорьсон чигээсээ гараагүй нь Су.Батболд гишүүний нэг онцлог юм. Эрхэм гишүүдийн зарим нь сонгууль болохоор л нутгаа санадаг бол Су.Батболд гишүүн сав л хийвэл тойрог руугаа “гүйчихдэг” нутаг амьтай эрхэм. Нийслэлийн хаяа дэрлэсэн ч олигтой хөгжиж чадаагүй байсан Төв аймаг одоо эрчимтэй хөгжлийн замдаа хөл тавьж байна. Хөшгийн хөндийд олон улсын нисэх буудалтай болох гэж байна. Монголын газар тариалангийг гол цөм нь энэ аймгийн газар тариалангийн бүс байсаар байх болно. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, гахай, тахианы аж ахуй гээд Монгол орны хүнсний эх булаг энэ аймгийн хөгжлийн цөм юм. Эдгээрийг хөгжүүлэхэд эрхэм түшээ Су.Батболдын хичээл зүтгэл ихээхэн үүрэгтэй. Хэзээ ч олны итгэл алдалгүй Монголын толгой улстөрчдийн орыг нүүр бардам залгаж ирсэн Су.Батболдод цаашдаа бүр том улстөрч болж дэвших их ирээдүй бий.

 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж